Сүү, сүүн бүтээгдэхүүний шинэ эрин "Витафит Милк"
Монголчууд бидэнд олон төрлийн шингэн хүнсний дундаас сүү хэмээх шингэн хүнс соёлын хувьд хамгийн өндөр ач холбогдолтой. Эрт дээр үеэсээ л сүүг дээдлэн бэлгэшээж, идээний дээд хэмээн хүндэтгэн үздэг байв. Сүү асгавал дунд хураагаараа асгасан сүүнээс авч духандаа хүргэх, хол замд мордож буй зочин гийчдийнхээ араас сүүн цацал өргөх, ариун, гэгээн бүхнийг сүүтэй зүйрлэх зэргээр сүү, сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой олон ёс бидэнд бий.
Сүү хэмээх шингэн хүнс зөвхөн соёл талаасаа ч бус эрүүл мэндийг тэтгэх талаасаа ч нэн чухал. Нэг аяга сүүнд кальцийн өдөрт авбал зохих хэмжээний 30 орчим хувь агуулагддаг гэдгийг уншигч та мэдэх үү? Кальци бол шүд, ясны хөгжилд хамгийн тустай амин дэм. Түүнчлэн сүү нь нүдний хараа, мэдрэл, цус, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд тустай олон төрлийн амин дэмийн эх үүсвэр болдог.
СҮҮ БОЛ СУПЕР ХҮНС
Жимс, жимсгэнээс авдаг Д, B12, B2 болон махнаас авдаг уураг, өөх тос зэргийг ч сүүнээс авах боломжтой. Гэхдээ сүүний өгдөг шимт бодисуудыг бүгдийг өгч чадах хүнс ганц ч байхгүй. Тийм ч учраас сүү бол супер хүнс.
Тэгвэл монголчууд хэр их сүү уудаг вэ? Бидэнд хангалттай хэмжээний сүү бий юу?
Өнгөрсөн оны байдлаар Монголд 5,3 сая үхэр тоологджээ. Үүний 2,1 сая нь үнээ бөгөөд нэг үнээний сүүний гарцыг дунджаар жилийн 470 литр гэж тооцож үзвэл нэг монгол хүнд жилд 295 литр сүү ноогдож буй. Асар өндөр сонсогдож байгаа биз? Бараг л хүн бүр өдөрт нэг литрийг уухад хүрэлцэхүйц хэмжээний сүү бидэнд бий гэсэн үг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 400 мл сүү уух ёстой гэж зөвлөдөг. Гэвч Монгол хүний өдөрт уудаг сүүний хэмжээ ердөө 40 мл байдаг. Тэгэхээр бид соёлын хувьд сүүгээ эрхэмлэн дээдэлдэг бөгөөд хангалттай их сүүтэй ч огт сүү уудаггүй.
Энэ байдлыг эвдэж, монголчуудын сүүний хэрэглээг, орчин үеийн инновацаар хангахыг зорьж буй хамт олон бол өнөөдрийн бидний онцлох Витафит Милк ХХК.
ВИТАФИТ МИЛК
Витафит Милк компани 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд 2016 онд “Өлзий” брэндээр хэрэглэгчдийн гарт хүрч эхэлсэн бөгөөд өдгөө 13 брэндийн 100 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, итгэл даасан эрүүл хэрэглээг үр хойчдоо өвлүүлэхийн төлөө ажиллаж буй тэдний хамт олон өдгөө дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг, тараг, йогуртын зах зээлийн 45 хувийг дангаар бүрдүүлж байна.
Зөвхөн энэ тооноос тэдний бүтээсэн систем хэр том, хэр зэрэг үр бүтээмжтэй болохыг харж болно. Ингээд Витафит Милк компанийн системтэй илүү ойроос танилцъя.
Фэйсбүүк хуудас: Vitafit Milk I Витафит Милк
Инстаграм хуудас: VITAFIT MILK
Веб хуудас: vitafitmilk.mn
ХҮНИЙ НӨӨЦ
Аливаа том бүтээн байгуулалт, системийг мэргэжлийн баггүй төсөөлөхийн аргагүй. Өдгөө Витафит Милк компанид 500 гаруй ажилтан, борлуулалт, гадаад худалдаа, хангамж, хүний нөөц, маркетинг, сүү бэлтгэл гэсэн үндсэн албуудад хуваагдан ажиллаж байна.
Харин удирдлагын багт салбартаа олон арваны туршлагатай, технологийн хувьслыг бүтээгдэхүүн бүрд шингээж чаддаг, чадварлаг залуус багтаж буй.
Сүү, сүүн бүтээгдэхүүний шинэ эринийг цогцлоох их үйлсэд гар бие оролцохыг хүсвэл, тэдний зарласан 150 ажлын байртай энэ холбоосоор орж танилцаарай.
СҮҮ ТАТАН АВАЛТ
Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн бий болох уртаас урт аялал малчны хотноос шинэхэн сүүг татаж авахаас эхэлнэ. Витафит Милк компани одоогоор нийт 78 тонны багтаамжтай, 10 сүү хадгалах цэгээрээ дамжуулан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын малчдаас үнээний цэвэр сүүг татаж байна.
Үнээний сүүнээс гадна цагт 2 тонн сарлагийн сүү татах, боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулжээ.
Нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон уг үйлдвэр өдгөө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд үйл ажиллагаагаа явуулж байна.
Витафик Милк сүү хүлээн авах 7 цэгээрээ дамжуулан 1,300 орчим гэрээт малчин болон ханган нийлүүлэгчээс сүү татаж, татан авалтын хэмжээгээрээ улсдаа 3-т бичигдэж байна.
Энэ нь мал аж ахуй эрхлэгчдэд орлогын тогтмол эх үүсвэр болж, үйлдвэрлэлээ тэлэх, илүү чанартай түүхий эд гаргах боломж бүрдүүлж буй сайн талтай. Түүнээс гадна сүүний үнэ сүүлийн 10 жил тасралтгүй өсөж байгаа нь Витафит Милкийн бүтээсэн энэхүү системийн эдийн засгийн өгөөжийг илтгэх баримт юм.
Сүү бэлтгэлийн албаны дарга С.Ичинхорлоо
Манай компани зуны улиралд 1200, өвлийн улиралд 550-650 малчин өрхөөс өдөр бүр сүү татан авдаг. 2016 оноос эхлэн малчдаас авч буй сүүний үнэ өссөөр энэ жилийн хувьд нэг литр нь 1400₮-2400₮ төгрөгөөр болоод байна.
Ханган нийлүүлэгчид маань сүүний төлбөрөө долоо хоногт нэгээс хоёр удаа хүлээн авдаг бөгөөд хүсвэл төлбөрөө урьдчилж авах эсвэл зээл авах боломжтой. Түүнчлэн манай компани Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хөгжүүлсэн сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн системтэй. Энэхүү системд бүх ханган нийлүүлэгчид маань бүртгэгдсэн байдаг тул хожим нь аливаа санхүүгийн үйлчилгээ авахад давуу тал бий болдог.
ҮЙЛДВЭРЛЭЛ
Ийнхүү олон зуун малчин өрхөөс татан авч, ариутгаж, боловсруулсан сүү Улаанбаатар хот дахь Витафит Милк-ийн үйлдвэрт ирнэ. Олон тонн сүүг мэргэжилтэн залуус төрөл бүрийн технологи ашиглан, инновац шингээж хэрэглэгчдийн дуртай сүү, тараг, зайрмаг, пробиотик ундаа, тос, тосон бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэж байна.
Витафит Милк компанийн үйлдвэрүүд өндөр хүчин чадалтайгаас гадна аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, ухаалаг менежмент зэргээрээ олон улсад үнэлэгдэх ISO 22000, ISO 9001 үнэлгээг авсан жишиг үйлдвэрүүд юм.
Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Л.Наранхүү
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явцад түүхий сүүг малчдаас хүлээн авах, химийн шинжилгээнд хамруулах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах, шүүх, дулааны боловсруулалт хийхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүхий л үе шатанд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна алхам нэг бүр дээр аюулын дүн шинжилгээ хийж, хяналтын эгзэгтэй цэгүүдийг тодорхойлж, тус бүр дээр нь хяналтын төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Эдгээр үе шатуудад температур болон хугацааны горимыг чанд мөрдөж, "цэвэрлэгээ бас дахин цэвэрлэгээ" гэсэн дүрмийг баримтална. Үйлдвэрлэлийн дамжлага дунд хяналтын нэг л горим зөрчигдөхөд бусад бүх хяналт үр дүнгүй болж, бүтээгдэхүүний чанарт эрсдэл үүсдэг.
Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байгаа нийт ажилтан тэр дундаа инженер, технологийн багийнхан асар өндөр хариуцлага, эрсдэлийг үүрдэг. Энэ салбар бол бусад хүнсний салбаруудтай харьцуулахад хамгийн нарийн технологи, мэдлэг, мэдрэмж, ур чадвар шаардсан салбар.
Хэрэглэгчдийн дунд "Нэн эмзэг, хадгалах хугацаа богинотой бүтээгдэхүүн яагаад гашлахгүй байна вэ? Сүүнд юу хийчхэв?" гэсэн асуулт байдаг. Хариулт нь тун энгийн. Ердөө л технологийн дэвшил. UHT буюу хэт өндөр температурын ариутгал нь сүүнд агуулагдах ашиггүй бактерийг бүрэн устгадаг. Ингэж ариутгагдсан сүүг Асептик систем буюу гаднаас ямар нэгэн бохирдол, агаар орох боломжгүй ариун орчинд бүрэн ариутгагдсан тетрапак савлагааны материал ашиглан савлана. Уг савлагаа нь бүтээгдэхүүнд чийг, агаар нэвтрүүлэхгүйн дээр нарны шууд тусгал, туяаны нөлөөнөөс хамгаалж, удаан хугацаанд хадгалах боломж бүрдүүлдэг.
БРЭНД ХӨГЖҮҮЛЭЛТ
Витафит Милк компани өнөөдрийн байдлаар нийт 13 брэндийн 100 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Сарлагийн цөцгийн тос, шар тос: Витафит Милк компани сарлагийн сүүгээр бүтээсэн "Өлзий" сарлагийн цөцгийн тос болон шар тосоо худалдаанд гаргаад удаагүй байна. Сарлагийн сүүний тосны агууламж нь үнээний сүүнийхээс хоёр дахин их, ханаагүй тосны хүчил болон тосонд уусдаг амин дэмээр баялаг, илчлэг сайтай байдаг.
Шар сүүний ундаа: Монголчуудын уламжлалт хэрэглээ болох шар сүүг йод, селен, төмөр, цайр болон хар чавганы амтаар баяжуулан, өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээсэн шар сүүний ундаа. Энэхүү ундаа нь булчинг тэтгэж, нойр сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, хортой бодисыг биеэс зайлуулдаг.
L'CASEI пробиотик ундаа: 170 мл савлагаандаа 17 тэрбум сүүн хүчлийн ашигтай бактери агуулсан пробитоик ундаа. Пробиотик ундааг тогтмол хэрэглэх нь бие махбодыг элдэв нянгаас хамгаалах, дархлаа дэмжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг давуу талтай.
Маркетингийн албаны дарга Н.Долгор
ДЭМБ-аас хийсэн судалгааны үр дүнд “Хүн өдөртөө тогтмол 400 мл сүү, тараг хэрэглэх зайлшгүй шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан. Монголчууд бид цагаан идээний баялаг уламжлалтай учир уг хэрэгцээгээ хангаж чаддаг хэмээн бодож магадгүй. Харамсалтай нь тийм биш. Монгол хүн өдөрт ердөө 40 мл сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Монголчуудын дунд шүд, ясны өвчлөл ихээр бий болж байгаа нь хийжүүлсэн ундаа, тамхи зэргийн хэтийдсэн хэрэглээнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүний дутагдалтай холбоотой. Тиймээс манай компани монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, тогтмолжуулахын тулд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Манай брэнд “Чанартай түүхий эдээс чанартай бүтээгдэхүүн бий болно” хэмээх философийг баримталдаг. Тиймдээ ч бидний малчин айл өрхүүдээс авч буй сүү чанарын шаардлага хангасан, антибиотикийн үлдэгдэлгүй байх учиртай. Нөгөөтээгүүр сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэг өөрөө тун эмзэг бүтээгдэхүүн тул ариун цэврийн шаардлагыг үйлдвэрлэх, савлах, түгээх бүхий л шатандаа баримтлах хэрэгтэй. Бид Солонгос, ОХУ, Япон улсын сүү, сүүн бүтээгдэхүүний сав, боодлын арвин туршлагатай мэргэжилтнүүдийг төслийн багтаа ажиллуулж байна. Мөн дэлхийн шилдэг аравт багтдаг компани манай бүтээгдэхүүнүүдийн сав, боодлын түүхий эдийг хариуцдаг.
Энэ бүхнийг хийж буй бидний нэгдмэл зорилго бол сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг нийтэд ойлгуулж, уламжлалт хэрэглээг орчин үеийн хэв маягтай хослуулан айл өрх бүрийн амьдралынх нь нэг хэсэг болгох явдал юм.
ТҮГЭЭЛТ
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэгчдийн гарт хүргэнэ гэдэг амаргүй даваа. Өдгөө Витафит Милкийн сүү, сүүн бүтээгдэхүүнүүд 21 аймагт 3,500 гаруй, Улаанбаатар хотод мөн 3,500 гаруй дэлгүүр, худалдааны төвөөр борлуулагддаг. Эдгээр цэгүүдэд цаг хугацааны хоцрогдолгүй хүрч ажиллах нь түгээлтийн багаас өндөр ур чадвар, сахилга бат шаарддаг гэнэ.
Өнгөрсөн жилүүдэд харилцагчийн тоо өндөр хурдаар нэмэгдэж буйг дараах графикаас харж болно.
Түгээлтийн албаны дарга Э.Эрдэнэ-Очир
Хүнсийг эрүүл чигээр нь хүргэх асар чухал ажил. Өчүүхэн жижиг нян ороход л олон арван тонн сүү хэрэглэгчийн гарт хүрч амжилгүй гашлах эрсдэлтэй. Иймд түгээгчид нэг талаараа дан ганц сүү биш өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг тээвэрлэж яваа гэж хэлж болно. Манай хамт олон ISO 22001, ISO 14001 стандартууд болон холбогдох 40 гаруй дотоод дүрэм, журмыг баримталдаг.
Сүү, сүүн бүтээгдэхүүн түгээхэд өдөр бүр олон төрлийн асуудал урган гарч ирдэг учраас түгээгчдийн нэг өдөр харилцан адилгүй өнгөрнө. Гэхдээ бид ямар ч сорилттой тулгарсан бай, хамтдаа шийдэл эрэлхийлж, төлөвлөгөөт ажилдаа доголдол үүсгэхгүйн тулд дор бүр нь шийдвэрлэж, тун завгүй ажилладаг. Өглөөхөн үүссэн асуудлыг өдрийн төгсгөлд шийдчихсэн байгаагаа харах үедээ өөрсдөөрөө бахархаж, сайхан сэтгэгдэл төрдөг дөө.
Витафит Милкийн бүтээгдэхүүнүүд сүү татан авалт, үйлдвэрлэл, брэнд хөгжүүлэлт, түгээлт гэх үндсэн үе шатуудыг давснаар хэрэглэгч бидний гарт ирдэг. Энэхүү үе шатуудад олон мянган ажилчин, мэргэжилтэн, малчин, ханган нийлүүлэгчид багтана. Тэд бүгд чанартай, төсөр үнэтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхэд гар бие оролцож, монголчуудын сүүний хэрэглээг нэмэгдүүлэх, цаашлаад хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм.
Аливаа орны хөгжил дэвшлийн нэгэн том илэрхийлэл нь ард иргэдийнх нь эрүүл мэнд байдаг. Харин эрүүл мэнд хэмээх ойлголт эрүүл хүнс гэх ойлголттой салшгүй холбоотой. Ингээд үзвэл Витафит Милк-ийн бүтээж буй энэхүү систем ард нийтийн эрүүл мэнд, цаашлаад улс орны хөгжил дэвшилд өндөр нөлөөтэй билээ.
Бид өвдсөн хойноо л биеэ эмчилдэг бус, өдөр бүрийн дадал, тэр дундаа хэрэглэж буй хүнсэндээ илүү анхаарал хандуулснаар эрүүл байж чадах цаг үед амьдарч буй. Энэхүү цаг үеийг өнөөдрийн нийтлэлийн гол дүр Витафит Милк түүчээлэн ажиллаж байна.
Уншигч та сүү ууж, эрүүл мэндээ тэтгээрэй.
Систем цуврал нийтлэлийн дугаар #1
Бидний нүдэнд харагддаггүй ч улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч, олон мянган мэргэжилтнийг ажлын байраар хангаж байгаа бизнес бүрийн ард систем байдаг.
Тэрхүү системийг танилцуулж, аливаа компани, бүтээгдэхүүний хөшигний цаана болдог, хэрэглэгчдийн төдийлөн сайн мэддэггүй нөр их ажлыг тайлбарлан харуулах зорилготой цувралын нийтлэлийн эхний дугаар уншигч танд хүрлээ.
Редактор, бичээч: Д.Түшигт-Эрдэнэ
Арт Директор, дизайнер: Ө.Амин-Эрдэнэ
Сэтгүүлч: Э.Цэнгэг
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг +976 99212778 дугаараар болон editor@unread.today хаягаар илгээгээрэй.