Бидний зорих
Playtime Festival-ийн
БҮТЭН ЗУРАГЛАЛ

Зуны улирал хурдан болоосой гэж хүсдэг шалтгаан олон бий ч тэр дундаас хамгийн том шалтгаан нь миний хувьд Playtime Festival. Магад уншигч танд ч бас эл наадамтай холбоотой олон гэгээлэг дурсамж байдаг гэдэгт үл эргэлзэж байна. Олон төрлийн хөгжмийн урсгалыг таашаах, онцгой содон хувцас загварыг тольдох, одоо цагаа тултал мэдрэх боломж зөвхөн Playtime Festival-ийн эргэн тойронд л бий. Энд бид дуу хөгжим гэх нэг хэлээр бие биетэйгээ ойлголцож, тэс өөр ертөнцөд хамтдаа очдог учраас хүн бүрийн хувьд гарцаагүй онцгой үйл явдалд тооцогддог билээ. Угаасаа дуу хөгжим гэдэг угсаа гарваль, хэл соёл, ёс заншил үл харгалзан хүн төрөлхтөн биднийг нэгтгэж чаддаг үнэт зүйл шүү дээ. Иймд манай редакц бууриа сэлгэж, шинэ байршилд зохион байгуулагдах гэж буй Playtime Festival 2024 хөгжмийн наадмын талаар таны мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэж байна. 

Азийн ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй Playtime Festival-ийн энэ жилийн өнгө төрх, хэв маяг, утга учир, шинэ байршлаас эхлээд дөрөв хоногийн турш үргэлжлэх хөгжмийн болон хөгжмийн бус хөтөлбөрүүд, бэлтгэлтэй “Плэйтаймчин” байхад туслах гарын авлага бүхий БҮТЭН зураглалтай танилцана уу.

22 ЖИЛИЙН ТҮҮХТ PLAYTIME FESTIVAL

2002 он. Ц.Нацагдоржийн үүсгэн байгуулсан Hi-Fi алтернатив радиогийн гурван жилийн ой тохиож, X Nation гэх рок бааранд тоглодог байсан хамтлагуудтай хамтран анхны Playtime Festival амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулав. Ингэж бидний хайртай хөгжмийн наадам эхэлсэн түүхтэй. Эхэндээ зөвхөн рок урсгалын үзүүлбэртэй байсан уг тоглолт жил ирэх тусам үзэгч сонсогчийн тоогоо нэмж, тэр чинээгээрээ өргөжсөн тул хөгжмийн төрлөө арвижуулах шаардлага үүсжээ. Тийнхүү 2009 оноос та бидний сайн мэдэх “Монгол шилтгээн”-д хөгжмийн наадам гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оныг хүртэл цар тахлын хоёр жилийн завсарлагааныг эс тооцвол жил бүр урлагийн охь шимийг бидэнд хүртээсээр буй.

“Монгол шилтгээн”-д зохион байгуулж эхэлснээс хойш үзэгчдийн тоо, уран бүтээлчдийн цар хүрээ улам нэмэгдэж, рок, метал, инди төрлийн хөгжмийн үзүүлбэрүүдийг илүү баяжуулан 2015 онд техно, электро хөгжмийн Нааглихац тайзыг шинээр байгуулсан гэдэг. Улмаар дараагийн жилүүдээс хип хоп уран бүтээлчдийг оролцуулж эхэлсэн аж. 

“Жилээс жилд Playtime улам өргөжиж, цар хүрээгээ тэлэхийг тэмүүлдэг. Playtime тасралтгүй хөгжил, өөрчлөлт, хувьсал дунд явдаг ч ямар ч урсгал жанр, шинэ зүйл хийсэн хамгийн сайныг нь шилж сонгон үзэгчдэд хүргэдэг үндсэн зарчмаасаа хазайгаагүй юм.”

Playtime Festival-ийн үүсгэн байгуулагч, продюсер, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдорж

Эх сурвалж: Buro Mongolia

Эх сурвалж: Buro Mongolia

Тус наадмыг санаачлагч Ц.Нацагдорж 2018 онд манай редакцад өгч байсан ярилцлагадаа “Playtime 17 жилийн дараа л учраа олж, өөрийнхөө төрхийг олж байгаа юм шиг санагдаж байна” гэж хэлснийг онцлууштай. Учир нь тухайн үед БНХАУ-ын хамгийн том фестивальд тооцогдох Strawberry-д 10 мянган хүн ирдэг байсан бол гурван сая хүн амтай манай улсад мөн ижил тооны үзэгч, сонсогч энэхүү наадмыг зорин ирж байгаа нь чамлахааргүй амжилт болох нь дамжиггүй. 

Харин сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэж, 2018 онд нийт 21 мянга, 2019 онд 36 мянга, 2022 онд 67 мянга, 2023 онд 79 мянган үзэгч ирсэн юм. Энэ бол гарцаагүй Playtime Festival-ийг олон улсын хөгжмийн наадмуудтай эн дүйцэхүйц түвшинд хүрч байгааг илтгэх тоонууд. Тухайлбал, энэ онд арван жилийн ой нь тохиож буй Индонезийн “We The Fest” хөгжмийн наадмыг 2023 онд 75 мянган хүн зорин ирсэн байх жишээтэй. Түүнчлэн 2001 оноос хойш зохион байгуулагдаж буй Сингапурын “ZoukOut” хөгжмийн наадмыг өнгөрсөн онд 30 мянган үзэгч зорин очжээ. 

“Би Playtime Festival-тай 2007 онд танилцаж байлаа. Өсвөр наснаасаа Hi-Fi радио сонсож, хөгжмийн фестивальд очиж үзэх юм сан гэх мөрөөдөлтэй байсан болохоор амьд хөгжмийн тоглолт үзэж, тэрхүү уур амьсгалыг мэдрэх нь зуны улиралд хийж болох хамгийн дурсамжтай зүйл байсан. Мэдээж үүний хажуугаар шинэ хүмүүстэй танилцах, найз нөхөдтэй болох, танилын хүрээгээ тэлэх гээд олон боломж бий. Түүнчлэн хамтлаг дуучдыг амьдаар сонсож, хэр хамтлаг вэ гэдгийг мэдэж чаддаг учраас их утга учиртай санагддаг.

Энэ жил анх удаа явах гэж байгаа залуустаа зөвлөхөд нэг их олон зүйл бодолгүй цаг агаараа сайн хараад улиралдаа тохирсон гоё хувцсаа өмсөөд ирээрэй.”

“Бидний нууц” подкастын хамтран хөтлөгч С.Сэндэр

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ

PLAYTIME FESTIVAL

Мэдээж олон хүн цуглаж байгаа газарт хоол хүнсний үлдэгдэл, хуванцрын хог хаягдал, байгаль орчны сүйтгэл, цэвэр ус болон эрчим хүч ашиглалт, бие засах газрын бохир гээд зохион байгуулагчдын байнга хянаж чадахгүй олон асуудал бий болдог. Жишээлбэл, дунджаар 250 мянган үзэгчтэй, дэлхийд алдартай Coachella хөгжмийн наадам гэхэд л ойролцоогоор 1600 тонн хог хаягдал гаргадаг бөгөөд дөнгөж 20 орчим хувийг нь дахин боловсруулдаг гэх тооцоо бий. Харин Playtime Festival-ийн тухайд 2023 онд 1.3 тонн хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрүүдэд нийлүүлжээ.

Ер нь хөгжмийн наадмаар дамжуулан эх дэлхийгээ хайрлаж болно гэж үү? Мэдээж тийм. Олон улсын хөгжмийн наадмууд сүүлийн жилүүдэд байгаль дэлхийдээ ээлтэй байж, “ногоон” фестивалийг бий болгохоор зорьж байна. Жишээ нь, “Дэлхийн хамгийн тогтвортой наадам” хэмээн өөрсдийгөө тодотгодог Белгийн Paradise City хөгжмийн наадмыг онцолж болох юм.

Өнгөрсөн жил тус наадмыг 43 мянган үзэгч зорин ирсэн бөгөөд тэдний “ногоон” үйл ажиллагааны жагсаалтад цахилгаан автобусны үйлчилгээ, 100 хувь лед гэрлийн эх үүсвэр, ус хэмнэх зориулалттай вакум бие засах газар, дахин ашиглах боломжтой аяга таваг, нарны хавтан ашигласан электрон төхөөрөмж цэнэглэх орон зай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой цагаан хоол зэрэг сонирхолтой шийдлүүд багтжээ.

Playtime Festival-ийн хувьд ч эх дэлхийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, 2022 онд "Байгальдаа хайр зарлая!" уриан дор ногоон, тогтвортой хөгжил ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаагаар 20 жилийнхээ ойн наадмыг зохион байгуулсан. Энэ үеэр хийгдсэн ажлуудаас онцгойлон дурдвал тэд М-Си-Эс Кока-Кола компанийн "Хог Хаягдалгүй Дэлхий" кампанит ажилтай хамтран наадмын талбайг 99.9 хувь цэвэршүүлсэн хаягдал усаар усалж, тусгай тэмдэглэгээ бүхий хогийн саванд хуванцар хаягдлыг цуглуулан авчээ. Мөн ирэх жил нь буюу 2023 онд ч энэхүү хамтралаа үргэлжлүүлсэн бөгөөд энэ оны тухайд ч дахин хамтран ажиллаж буй.

Энэ бол эх дэлхийгээ хайрлаж буй Playtime Festival-ийн энэ жилийн уриа хийгээд утга учир. Тэд энэхүү хөгжмийн наадмыг хүн төрөлхтөн, түүний сайн сайхан, урлаг, соёл, энтертайнмент, байгаль дэлхий, энх тайванд хайр хүндэтгэл үзүүлж, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл амьдралын хэв маягаар, бүтээлч, ногоон байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа билээ. Тиймдээ ч үлгэр жишээ ногоон наадам болох зорилт тавин дараах ажлуудыг төлөвлөж буй.

  • Жилийн дөрвөн улирлын турш байгалийн сайхныг хадгалах таримал ойн санг байгуулах
  • Нийт 140 гаруй нэр төрлийн 1 сая гаруй мод тарих
  • Ховор болон ховордож буй ургамлыг тарималжуулан хамгаалах
  • Сэргээгдэх эрчим хүчний холимог систем бүхий дэд станц байгуулах
  • Дахин боловсруулалтын төрөл бүрийн шийдлийг эрэлхийлэх

Илүү тодруулбал, тэд энэ жилээс сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа ашиглах, өөрсдийн гэсэн худагтай болж, ундны болон ахуйн усыг ханган ажиллах гэнэ. Энэ бол “ногоон” хөгжмийн наадам хэмээх тодотголоо дараагийн шатанд гаргаж буйн илрэл билээ. Түүнчлэн дөрөв хоногийн турш үргэлжлэх тус наадмын талбайд тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдүүдэд зориулсан бие засах газар, гар угаалтуурыг шийдэж өгсөн бөгөөд майхан, машинтай байрлах гадна талбайд боловсон ариун цэврийн өрөөг барьж, шүршүүрт орох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр та бүхэн хувийн бэлтгэлээ сайтар хангасан л бол ариун цэвэртээ санаа зоволгүй дөрөв хоногийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой гэсэн үг.

“Би ес дэх жилдээ Playtime Festival-ийнхаа зохион байгуулалтад оролцож байна. Манай наадам Volunteer буюу сайн дурын ажилтан, Green Crew буюу хог хаягдлын менежмент хариуцсан баг гэсэн хоёр төрлийн ажилтныг бүртгэн авдаг. Миний хувьд оюутан байхаасаа Green Crew-д ажиллаж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл хамтдаа зүтгэсээр, өдгөө Ногоон, тогтвортой хөгжил, сайн дур хариуцсан захирлаар ажиллаж байна.

Бид энэ жилийн наадмаа байгальд ээлтэй, хог хаягдал багатай, тогтвортой хөгжлийг дэмжсэн байдлаар зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдөж байгаагаас онцгойлж нэгийг нь дурдвал Reusable cup буюу дахин ашиглах боломжтой аяга юм. Хөгжмийн наадмаас асар их хэмжээний хуванцар хаягдал гардаг учраас бид үүний эсрэг олон удаа ашиглах боломжтой аягыг бүтээсэн.

Нэг ширхэгийг нь 12 мянган төгрөгөөр худалдаална. Наадам үргэлжлэх дөрөв хоногийн хугацаанд ашиглачхаад эргүүлэн өгч, худалдан авсан дүнгээ буцаан авах боломжтой. Аль эсвэл өөртөө хадгалсан ч болно. Байгальдаа ээлтэй сонголт биш гэж үү?”

Playtime Festival-ийн Ногоон, тогтвортой хөгжил, сайн дур хариуцсан захирал Ц.Даариймаа

БИДНИЙ ЗОРИХ PLAYTIME FESTIVAL

Хамгийн эхний асуулт бол энэ жилийн Playtime Festival яг хаана болох вэ? Хотоос 47 км-ийн зайд Налайх дүүргийн 3-р хороонд, нийт 50 га газрыг хамарч зохион байгуулагдана.

Энэ жилийн онцлог нь Car camping (майхан, машинаа хамт байршуулах) болон Camping tent (майхантай байрлах) гэсэн нэмэлт боломжууд бий болсон явдал. Илүү тодруулбал, дээрх хоёр төрлийн тасалбарыг худалдан аваад (наадмын тасалбарыг албан ёсны борлуулагчаас худалдан авсан үзэгчдэд үнэгүй) дөрвөн өдрийн турш тав тухтай байрлаж болох юм. Ташрамд дуулгахад, нийтлэлийн төгсгөлд хөгжмийн наадмын үеэр майхантай байрлахад анхаарах зөвлөмж, хувийн бэлтгэлээ базаах зөвлөгөөг багтаасан шүү.

Өдөртөө 40 мянган үзэгч хүлээн авахаар төлөвлөж буй энэ удаагийн наадамд 250 уран бүтээлч, хамтлаг, дуучид оролцох бөгөөд 50 гадаад хамтлаг, дуучид бүтээлээ толилуулах юм. Мөн хөгжмийн хөтөлбөртэй 14 тайз, дотоодын хоол үйлчилгээний 200 гаруй ААН, байгууллагууд таныг хүлээж байгаа төдийгүй нийт 4000 орчим түр ажлын байрыг бий болгох аж. 

Зохион байгуулагдах газрын хувьд ийм бол хөтөлбөрийн тухайд ямар байх вэ?

2019 оноос эхлэн Playtime Festival-ийн хөтөлбөр хөгжмийн болон хөгжмийн бус гэж хуваагдаж эхэлсэн. Дөрвөн өдрийн турш таныг дуу хөгжмөөр амьсгалуулах уран бүтээлчидтэй танилцах бол ЭНД дараарай.

Хөгжмийн бус хөтөлбөр буюу Playtime+ нь залуусын сонирхдог, биширдэг, нөлөө авдаг алдартай хүмүүсийг урьж авчран танилцуулах, эрүүл, зөв амьдралын хэв маягаар бусдадаа үлгэрлэгчдээр семинар, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг багтаадаг. Нэг талаараа эдгээр дэд арга хэмжээгээр дамжуулан залууст хөгжмийн наадмын соёлыг цогцоор нь хүргэх зорилготой бол нөгөөтээгүүр бие болон сэтгэлзүйгээрээ төрөл бүрийн мэдрэмж, туршлага олж авах боломжийг бүрдүүлж буй. 

Playtime+ хөтөлбөрийг илүү тодруулбал, хөгжмийн бясалгал, хувцас загвар, дизайны үзүүлбэр, хэлэлцүүлэг, подкаст, асуулт хариулт, Монгол үндэсний соёл урлагийн хөтөлбөр, видео арт, бэсрэг кино үзвэр, йог, спорт, бүжиг, эрүүл хооллолт зэрэг асар олон төрлийн арга хэмжээ таныг хүлээж байна. Онцгойлон танилцуулбаас,

🇲🇳 Монгол урлаг, соёлын хөтөлбөр

Энэ хэсгийг Art of UB галлерей хариуцан ажиллах бөгөөд эртний монгол гэрээс гурвыг эгнүүлэн барьж, уран зураг болон хөхүүрийн үзэсгэлэн, монгол уран бичлэг, хорхог, боодог, айраг, шимийн архи тэргүүтэй үндэсний зоог, идээ будаагаар баяжуулах аж. Энд Playtime Festival-ийг зорин ирж буй гадаадын хамтлаг, дуучид болон жуулчдыг хүлээн авч, үндэсний соёл уламжлал, ёс заншилтай нягт танилцуулах юм. 

🏀 Спорт бүс

Өмнө жилүүдийн наадмыг зорьсон үзэгчид маань Crossfit-ийн тоног төхөөрөмж, эд хэрэглэлүүдээр тохижуулсан спорт бүсийг санаж буй байх. Тэгвэл энэ жил эл бүс улам өргөжиж, Cante sports bar-тай хамтран 3х3 сагсанбөмбөг, мини хөлбөмбөг, теннисийн талбай барихаар угсралтын ажлаа хэдийн эхлүүлжээ.

🌹 La vie en Rose асар

Playtime Festival яс үндэс, угсаа гарваль, нас, хүйс, бэлгийн чиг хандлагаар ялгаварлахгүй байх үнэт зарчмыг баримтлан ажилладаг. Тэр ч утгаараа жил бүр энэ үзэл баримтлалаа бататгаж, La vie en Rose асарт LGBTQ+ хөтөлбөрүүдийг багтаадаг билээ. Харин энэ жил асрыг хэмжээг томруулж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээг бэлдэж байна. 

Уншигч та бүхэн дэлгэрэнгүй хөгжмийн бус хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй. 

Азидаа ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй Playtime Festival жил бүр өргөжин тэлсээр, үзэгч сонсогчоо нэмсээр, улам илүү чанаржсаар. Үүнтэй уншигч та ч бас бүрэн санал нийлэх биз ээ. Хөгжмийн наадам гэдэг зөвхөн урлаг соёлыг таниулан сурталчлахаас гадна эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох, хөгжмийн аялал жуулчлалыг дэмжих, урлагийн өсөлтийг нэмэгдүүлэх, улс хотын брэндийг бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тиймдээ ч 2013 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны ажлын хэсэг гаргаж, улсын зүгээс дэмжин ажиллах болжээ. Харин Playtime-ийн хувьд энэ жил нийслэлийн бүтээлч эдийн засагт найман тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгохоор зорин ажиллаж буй.

“Энэ жил Waldo, La vie en Rose асруудад өглөөний 09:00 цагаас эхлээд олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулагдана. Тухайлбал, наадамлагч та бүхэн өглөөг хайрын бясалгал, йогоор эхлүүлэн өдөр нь хувь хүний хөгжилд чиглэсэн ярилцлага, сургалтуудад хамрагдаж, үдээс хойш хөгжилтэй, энтертэйнмент арга хэмжээнд оролцон шөнө нь амьд хөгжмийн тоглолт, Drag шоунуудыг хүлээн авах боломжтой.

Мөн Replay market-ийн хэсэгт хуучин хувцсыг мэргэжлийн дизайнерууд дахин засварлаж, шинэ загварын хувцас бүтээх бөгөөд түүгээрээ загварын шоу хийнэ. Цаад утга санаагаараа хувцасны хог хаягдлыг бууруулж, байгаль дэлхийдээ ээлтэй байх ногоон, тогтвортой хөгжлийн үндсэн агуулгатай маань уялдаж байгаа. Энэ санааг манай залуус ч маш сайн ойлгож, хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.” 

Playtime Festival-ийн Artistic director Б.Батгэрэл

ЗӨВХӨН ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Playtime Festival-ийг анхлан зоригсод болон шинээр майхантай хоноглох үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дараах хоёр төрлийн жагсаалтыг санал болгоё. Гэснээс дөрвөн өдрийн хөтөлбөр, уран бүтээлчдийг сайтар судалж байгаад өөрийн гэсэн хөтөлбөр бүтээхээ мартуузай. 

Таны үүргэвчид заавал багтах 10 зүйл:

  • Powerbank/Цэнэг хураагуур
  • Нойтон салфетка
  • Хуурай салфетка
  • Нарны тос
  • Шархны наалт
  • Шумуулны цацлага
  • Нарны шил
  • Малгай
  • Бэлэн мөнгө эсвэл карт
  • Борооны цув

Майхантай байрлах үзэгчдийн заавал базаах 10 зүйл:

  • Борооны хамгаалалттай майхан
  • Чийгний гудас
  • Аяны хөнжил
  • Аяны сандал, ширээ
  • Гар чийдэн
  • Хогийн уут
  • Анхны тусламжийн хайрцаг
  • Аяга, таваг, халбага сэрээ
  • Амны зугаа
  • Хөлөгт тоглоомууд

ЭРХЭМ ТА БҮХЭН ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ, САЙХАН НААДААРАЙ!

Систем цуврал нийтлэлийн дугаар #2

Нийтлэлч: Ц.Мажигсүрэн
Арт директор: Ө.Амин-Эрдэнэ
Редактор: Д.Түшигт-Эрдэнэ
Креатив Директор: Ч.Шинийннэгэн

Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг (+976)89962016 дугаараар болон editor@unread.today хаягаар илгээгээрэй.