Зуны нээлтийг албан ёсоор эхлүүлж, амьд хөгжмийн сайхныг мэдрүүлэн, шинэ уран бүтээлчидтэй танилцуулдаг Playtime фестиваль эхлэхэд бэлэн боллоо.

Тасалбараа авсан мөчөөс эхлээд л хэрхэн очих, очоод хаана амарч байрлах, хамтлаг, уран бүтээлчдээ хэрхэн төлөвлөж үзэх гээд энгийн хэр нь чухал асуудлууд хөвөрч эхэлнэ. Иймп бидний зүгээс хөгжмийн наадамдаа бэлтгэлтэй очиход тань туслах бүхий л мэдээллийг багтаасан цогц нийтлэлийг хүргэж байна.

HEADLINERS-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ

Энэ жилийн Playtime фестиваль өмнөх жилүүдийн олон тайз, үзэгчдийн хүсэмжит хамтлаг, дуучдыг авч ирэх гэнэн хүслээс татгалзаж, хуучны Playtime-ийн концепцийг эргэн авчрахыг зорьсон гэхэд хилсдэхгүй. Хөтөлбөрийн төв нь алдартнууд бус “хөгжим” өөрөө байх нь чухал бөгөөд нэр хүндтэй, олонд хэдийнээ танигдсан уран бүтээлчдээс илүү шинээр цойлон гарч буй, салбартаа цоо шинэ өнгө төрх, мэдрэмж, уур амьсгалыг авчирч байгаа уран бүтээлчид энэ жилийн наадмыг чимжээ.

Albert van Abbe 🇳🇱

Тэрээр 20 гаруй жил хөгжмийн үзэсгэлэнгээс эхлээд “hardcore acid” хүртэл бүтээл туурвиж буй. Эксперименталь уран бүтээл туурвидаг түүний хувьд бүтээл бүрдээ гүнзгий философи, утга санаа шингээдэг онцлогтой. Түүний 2022 онд гаргасан “Nondual” хэмээх бие даасан цомог нь л гэхэд нондуализм буюу бүх зүйл нэгэн цул ухамсар дор оршдог гэх философиос сэдэлтэй аж. Мөн өөрийн студидээ 1950-иад оны хэмжилтийн төхөөрөмжөөр шинэ уран бүтээл туурвиж, Нидерландын гэрлийн урлагийн багуудтай хамтран инсталяц үзэсгэлэн толилуулах байдлаар одоо ч уран бүтээлүүд нь шинэ чиглэлд залагдсаар байгаа билээ.

Тайз: NAAGLIHATS, Grove

Aurora Halal 🇺🇸

YouTube хуудаснаа 930 мянга гаруй дагагчтай HÖR BERLIN-ий сетүүдийг плэйтаймчид андахгүй биз ээ. Аурорагийн сетүүд ч энд хэд хэд тоглогдож байв. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхийн өнцөг булан бүрийн клуб, рейв, фестивалиар аялан тоглолт хийж нэрд гарсан. Нью-Йорк хотын Nowadays клубт 4 дэх жилдээ резидент DJ хийж байгаа тэрээр Берлин дэх Berghain, De School гэх зэрэг клубт ажилладаг. Түүнчлэн Брүүклин хотын алдарт “Mutual Dreaming” үдэшлэг болон Sustain-Release фестивалийн үүсгэн байгуулагч юм.

Түүний сетүүд нууцлаг бөгөөд сэргэг уур амьсгалтай ба 2010 оноос хойш түүний зохион байгуулж буй арга хэмжээнүүд нь андерграунд урсгалд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Тайз: NAAGLIHATS

Ellen Allien 🇩🇪

Бүтээлч сэтгэлгээний ундарга болсон Эллен Аллиен техно хөгжмийн ертөнцөд өөрийн нэрийг гүн сийлсэн нэгэн. Тэрээр Warp, Mute зэрэг домогт лэйблүүдэд зориулж сингл, EP, ремикс хийж, 10 гаруй цомог гаргаад зогсохгүй сүүлийн жилүүдэд Италийн “Ash Code” хамтлагтай хамтран “dark wave” ба техно урсгалыг нэгтгэсэн шинэ төрлийн хөгжмөөрөө олны талархлыг хүртээд байна.

Аллиен “Stadtkind” цомгийнхоо 20 жилийн ойг 2023 онд тэмдэглэж, хөгжмийн салбарт он удаан жил нэрээ мөнхөлж буй. Тэр чинээгээрээ түүний уран бүтээлүүд залуу үеийн DJ нарт урам зориг, сэдэл суурь болохоос гадна өөрийнх нь карьер зөвхөн хөгжмийн продюсерээс хальж хувийн клуб, үдэшлэг зэргээр тэлэн хөгжмийн ертөнцөд өөр хэлбэрийг олоод буй.

Тайз: NAAGLIHATS

Envy 🇯🇵

2014 оны Playtime наадмын тайзнаа анх гарч байсан Envy хамтлаг 1992 онд Токиод байгуулагдсан цагаасаа хойш Японы “independent hardcore” хөгжмийн урсгалыг шинэ шатанд хүргэсэн билээ. Тэдний хамгийн сүүлийн цомог “Eunoia” нь шинэ бүрэлдэхүүнтэй болсны дараах шинэ эхлэл, хөгжмийн хувьд ч шинэлэг бүтээл болжээ. Анхны дуучин Тэцүя Фүкүгава 2016 онд хамтлагаас гарсан ч 2018 оны 4-р сард тайзан дээр гэнэтийн эргэн ирэлт хийж, албан ёсоор дахин нэгдсэн нь олон фенүүдийн сэтгэлийг хөдөлгөж байсан бол энэ удаа 2025 оны Playtime-ийн тайзнаа дахин гарч ирж яг эл мэдрэмжийг наадмын сонсогчдод мэдрүүлэх гэж байна.

Тайз: Playtime Stage

JAMBINAI 🇰🇷

JAMBINAI бол Өмнөд Солонгосын уламжлалт хөгжмийг орчин үеийн пост-рок урсгалтай хослуулж, дэлхийн хөгжмийн тайзнаа шинэлэг өнгө төрх, хүчирхэг илэрхийлэл авчирсан хамтлаг. 2009 онд Сөүл хотноо байгуулагдсан тус хамтлагийн 2016 онд гаргасан хоёр дахь цомог “Hermitage” нь Солонгосын хөгжмийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг рок цомог” төрөлд нэр дэвшсэн ба уламжлалт хөгжмийн зэмсэг болох хэгым, пири, гөмүнго зэрэг сонгодог аялгууг цахилгаан гитар, бөмбөр зэрэг рок элементтэй хослуулсан дуугаралтаар сонсогчдын сонорыг мялааж байв. 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын хаалтын ёслол дээр уламжлалт гөмүнго хөгжимчдийн хамт тоглосон нь тэдний өв соёл, орчин үеийн хөгжмийг уялдан харуулсан түүхэн тоглолт болсныг онцлууштай.

Тайз: Playtime Stage

Pariah 🇬🇧

Англиас гаралтай, Амстердамд төвтэй хөгжмийн продюсер Pariah анх 2009-2010 оны үед хөгжмийн блог ертөнцөд танигдаж, Бельгийн домогт R&S Records-ийн анхаарлыг татсан гэдэг. 2018 онд цацсан бүрэн хэмжээний цомог “Here From Where We Are” нь түүний баяр хөөртэй хэр нь хүнд уур амьсгал бүхий хөгжмийн хэмнэлийг илэрхийлсэн оргил бүтээлүүдийн нэг болсон билээ. Pariah хөгжмийн аль нэг чиглэлд баригдалгүй, шинэ санаа, аялгууг бүтээж, тоглодог хөгжмийн жанраа байнга өөрчилж байдаг онцлогтой.

Тайз: NAAGLIHATS, Grove

Silica Gel 🇰🇷

2013 онд байгуулагдсан Өмнөд Солонгосын инди рок хамтлаг Сөүлийн Урлагийн Их Сургуулийн оюутнуудын байгуулсан хамтлаг. Анх Пёнчангийн урлагийн наадамд оролцохдоо бохины савнаас олсон “silica gel” буюу муудахаас сэргийлсэн ууттай бөмбөлгүүдээс санаа авч хамтлагийнхаа нэрийг өгсөн гэдэг. Гитар төвтэй рок хөгжим, шүлэглэсэн уран зохиолын элемент бүхий дууны үг, психоделик хөгжмийн урсгал бүхий Silica Gel дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж буй.

2023 онд “NO PAIN” хэмээх уран бүтээлээрээ Солонгосын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг орчин үеийн рок дуу” шагналыг хүртсэн юм. Цаашлаад Primavera Sound, Vivid Sydney гэх мэт дэлхийн тайзнаа тоглож ойрын хугацаанд “FEFERE” нэртэй шинэ синглээ танилцуулахаар төлөвлөж буй тус хамтлаг өсөн дэвшиж буй шинэлэг хамтлагуудын нэг тул энэ жил заавал сонсож үзэх хэрэгтэй.

Тайз: Playtime Stage

Alcest 🇫🇷

Алс холын ертөнц эсвэл зүүд мэт тодорхойгүй, хүнд мэдрэмжүүдийг мэдрүүлэх хамтлаг бол Alcest. Франц гаралтай энэ хамтлаг 2000 онд үүсгэн байгуулагдсан ба анх “black metal” чиглэлд уран бүтээлээ туурвиж байгаад “shoegaze” болон “post-metal”-ийг нэгтгэсэн “blackgaze” хэмээх шинэ урсгалыг бий болгосон юм.

“Le Secret”, “Shelter” бүтээлүүддээ тэд “Burzum”, “Ulver” зэрэг "black metal" хамтлагуудын ноён оргилуудын хөгжмүүдийг "shoegaze" урсгалын уянгалаг хэмнэлтэй хурц, хашхирсан вокал, цохилт, хурдан темпийг хослуулжээ. Сонирхуулахад тэдний 2016 онд гаргасан “Kodama” цомгийн санаа Японы алдарт найруулагч Хаяо Миязакигийн “Мононоке гүнж” бүтээлээс төрсөн гэдэг.

Тайз: Playtime

Jennifer Cardini 🇫🇷

Тэрээр электроник хөгжмийн ертөнцөд 30 гаруй жил тасралтгүй уран бүтээл туурвиж, хүйс, соёлын хил хязгаарыг эвдэж буй уран бүтээлч. Анх Парисын Pulp клубт нэрээ гаргаж, цаашлаад Берлиний Panorama Bar, Амстердамын De School, Нью-Йоркийн Good Room, Лиссабоны Lux, Burning Man болон Nuit Sonores зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй клуб, фестивалиудад сет тоглож салбартаа алдаршаад буй. Техно, электро урсгал дээр нэмээд диско элементүүдийг хөгжимдөө огцом уусган оруулж ирдэг ба өөрийн өнгө төрхийг байнга шинэчилдэг онцлогтой. Мөн тэрээр хүн бүхэнд нээлттэй, ялгаварлан гадуурхалтгүй орчныг бий болгож, ЛГБТИК+ нийгэмлэгийг дэмжих уран бүтээлүүд туурвиж, зөвхөн хөгжим биш, хүний эрхийн төлөө дуугардаг хүчирхэг төлөөлөгч болж чаджээ.

Тайз: NAAGLIHATS

KlangKuenstler 🇩🇪

Майкл Корб (жинхэнэ нэр нь) зочид буудлын менежер мэргэжлээр суралцаж байхдаа электрон хөгжимтэй анх холбогдож, тэр цагаас хойш хөгжмийн ертөнц рүү эргэлт буцалтгүй орсон гэдэг. 2011 онд тэрээр анхны label болох “Zuckerton Records”-ийг үүсгэн байгуулж, 2012 онд Берлинд нүүж ирснээр түүний карьер хурдацтай өссөн юм. Эхэндээ "deep house", "tech house" урсгалаар уран бүтээл хийдэг байсан бол 2018 оноос хойш хүчтэй техно урсгалаар тоглодог болсон. KlangKuenstler-ийн хөгжим нь 1990-2000-аад оны эхэн үеийн рейв соёлыг санагдуулдаг нь сонирхолтой.

Тайз: NAAGLIHATS

Mama Snake 🇩🇰

Түүний жинхэнэ нэр Сара Сванхолм ба мэс заслын эмч мэргэжилтэй. Техно урсгалын хөгжим өөрчлөлтийн үедээ явж байх үе буюу зургаан жилийн өмнө Mama Snake сонсогчдын үгүйлж байсан хурдан хэмнэлийг эргэн авчирсан юм. Копенхагенаас гаралтай тэрээр “Glamcult” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөгжмөөс гадна сонсогчидтой нэг уур амьсгалд орох, нэг бүлэгт харьяалагдах, хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжийг түгээж “аюулгүй орон зай” бий болгох нь илүү чухал хэмээн дурдаж байсан юм. Сетүүд нь 140 BPM хурдтай транс, техно урсгалынх ба энэ ч онцлогоороо танигдаж дэлхийн клуб болон фестивалиудад шуугиан тарьж буй.

Тайз: NAAGLIHATS

YHWH Nailgun 🇺🇸

Нью-Йорк хотод төвтэй, авангард, өвөрмөц дуугаралттай, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “noise rock” урсгалын хамтлаг. Тэдний дебют цомог “45 Pounds” нь ердөө 21 минут үргэлжилдэг ч, бүрэн хэмжээний уран бүтээлд тооцогдож сонсогчдын анхаарлыг эргэлзээгүй татсан бүтээл болсон. Drummer Sam Pickard-ийн “рототом” хэмээх өвөрмөц бөмбөрийн техникийг ашигласан нь хамтлагийн дуугаралтад хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд түүний цохилт бүр хүнд, хурц, цахилгаан шиг сонсогддог онцлогтой. Энэ дуугаралт нь 1960-аад онд бөмбөрчин Al Payson-ийн бүтээл байсан ч, өдгөө YHWH Nailgun-ийн гарт дахин амилжээ.

Дуучин Зак Борзонийн хашхирч буй, чанга хоолой, “synth” эффектүүд, шинэ үеийн авангард рок дуугаралт нь анх сонсоход эвгүй ч яахын аргагүй сэтгэл татам. 45 Pounds нь зөвхөн дуу хөгжим төдийгүй, техникийн чадамжийн хувьд чанартай бүтээл болсныг хөгжимчид онцолдог. Уг хамтлагийн цаашдын уран бүтээлийг сонирхож, цоо шинэ уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл Playtime-ийн гол тайзыг зориорой.

Тайз: Playtime Stage

Mohanik 🇲🇳

Нар, саран нэгэн тэнгэрт… гэж эхэлдэг “Чонон бүжиг” дууг Playtime дээр сонсох бараг уламжлал болсон уг хамтлагийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. 2004 онд байгуулагдсан эл хамтлаг уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглалгүйгээр Монгол орны байгаль, сэтгэлгээ, нүүдэлчдийн өв соёлыг илэрхийлж орчин үеийн пост-панк, гараж рок зэрэг урсгалтай хослуулан тун өвөрмөц уран бүтээл туурвидаг. 2023 онд Францад анхны тоглолтоо хийж олны анхаарлыг татсан тус хамтлаг 2025 онд шинэ цомгоо гаргахаар төлөвлөж буй тул энэ жилийн Playtime-аар заавал сонсох хамтлагуудын нэг байх болов уу.

Тайз: Playtime Stage

Плэйтаймчдын дурсамжаас #1

Энэ жилийн Playtime-аар манай хамтлаг маш удаан хугацааны дараа эргэн нэгдэж, арван жилийн дараа шинэ цомог, тоглолтоо хийх гэж байгаадаа их догдолж байна . Удаан уулзаагүй сонсогчидтойгоо уулзах гэж байгаа болохоор хуучны дуунуудаа түлхүү дуулна гэж төлөвлөж байна.

Ер нь Playtime фестивалийг Баянзүрх Palace, UB Palace, Монгол шилтгээн, Налайх гээд бүх өөрчлөлтийн үед нь хажууд нь харж, хамт өөрчлөгдөж явсан учраас уран бүтээлчийн хувьд сайн ойлгож байгаа. Дэлхийн түвшинд хүрэхээр зорьж, урсгалаа солонгоруулж байгаа нь рок сонсогчдод тийм таатай байдаггүй ч фестиваль хөгжинө гэдэг нь зүй ёсных учраас рок фестиваль өөрөө тусдаа гарах ёстой гэж хувьдаа боддог юм. Хамгийн гол нь Playtime бол баян, ядуу, хөгшин, залуу ялгаагүй, хөгжмөөс авах мэдрэмжээрээ холбогдон цугладаг газар гэдэг нь чухал.

Моханик хамтлагийн дуучин Цоожоо

Энэ жилийн онцлог

1. Шинэчлэгдсэн дэд бүтэц

Playtime Field дэд бүтцийн тал дээр томоохон дэвшилт хийж, засмал замтай болсон ба эрчим хүчний шууд эх үүсвэрт холбогджээ.

2. Шинэ түвшний дуугаралт

Энэ жилийн Playtime фестиваль Нидерландын мэргэжлийн дууны инженер Thomas Van Aaslst-тай хамтран тайзны дуугаралтыг шинэ түвшинд аваачихаар ажиллаж байна. Тэрээр 2005 оноос хойш уг мэргэжлээр ажиллаж буй, олон улсын 10+ жилийн туршлагатай, 7 хүртэлх тайзыг зэрэг удирдаж байсан, Европын нэр хүндтэй клуб, фестивалиудад ажилладаг дууны системийн техникч, инженер юм.

3. Олон улсын жишигт нийцсэн тасалбар баталгаажуулалт

Энэ жилийн Playtime Festival нь тасалбар баталгаажуулалт, нэвтрэх хяналтын системээ олон улсын томоохон фестивалиудын жишигт нийцүүлэн, илүү хурдан, илүү найдвартай болголоо. Мөн албан ёсоор тасалбараа шилжүүлэх боломжтой болсныг онцлууштай.

4. Наадмын бугуйвч таны түрийвч

Түрийвчээ хайж, утас, датагаа гацаан барин төлбөр тооцоо хийх шаардлагагүй болжээ. Ердөө таны наадмын бугуйвч гарт тань байхад л асуудалгүй төлбөр тооцоогоо хийх боломжийг энэ жил Playtime Festival бүрдүүлж байгаа юм.

Playtime Field-рүү хэзээ, хэрхэн очих вэ?

Наадмын хаалга эхний өдөр 14:00 цагт нээгдэж, буйгуйвч шөнийн 02:00 цаг хүртэл олгох юм. Харин үлдсэн өдрүүдэд бугуйвч олголт 10:00-02:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Фестивальд очиход хамгийн төвөгтэй асуудал нь унаа, тэрэгний асуудал байдаг даа? Автобусаар явахаар шийдсэн ч хэдэн цагт, хаанаас хөдлөх, тасалбараа яаж авах гээд бүх мэдээлэл нь тус тусдаа. Таксидаад 47км газрыг туулна гэхээр төлбөр тооцоо нь талийж өгнө гэх мэтчилэн санаа зовох асуудал олон. Тиймээс UB Cab-ийн зүгээс бүх мэдээллийг дэлгэрэнгүй, тодорхой өгснийг бид энд багцаллаа.

UB Cab x Playtime дараах гурван сонголтыг санал болгож байна:
1. Alphard түрээс - 180,000₮
2. Суудлын автомашин - 25,000₮
3. Автобус - 20,000₮
Хөдлөх цэг: ASA Arena

Хаана байрлах вэ?

Дөрөв хоногийн турш Playtime Field болон хот хоёрын хооронд зорчино гэдэг амаргүй. Тиймээс ая тухтай хөгжилдөхдөө толгой амар байхад тань туслахаар төрөл бүрийн байрших газруудын цогц мэдээллийг бэлтгэлээ.

1. Хувийн майхан /0₮/

2. Монгол гэр /Үнэ: 1,050,000₮/

2. Goyol асар /2,000,000₮-2,400,000₮/

3. Playtime асар /1,600,000₮/

4. Аяллын чиргүүл /3,600,000₮-4,800,000₮/

Амрах хэсгүүд

Өдөржин зөвхөн хөгжим сонсоно гэж юу байх вэ? Амарч, тайвширч, чиллэрч суух хэрэгцээгээ хангалгүй яах вэ. Тэдгээр газруудаас онцлох хоёр газар бол Вальдо асар болон энэ жил фестивалийн төв талбайд сүндэрлэсэн М банк гарден.

М банк гарден 🌱

Амрах газруудаас магадгүй хамгийн түрүүнд таны харцыг булаах газар энэ байх болов уу. Учир нь плэйтамчдын хэрэгцээг цөм хангасан энэ хэсэг зөвхөн таны ашиглалтад нийцээд зогсохгүй энэ жилийн Playtime-ийн зургаа авхуулах цэг байх болно. Хувцас солих, үсээ индүүдэж, нүүрээ будах өрөө эсвэл зүгээр л чиллэрч хэвтээд зөөлхөн хэмнэлтэй хөгжим сонсох хэсэг мөн дуг хийх хэсэг, массажны өрөө хүртэл энд бий.

Хаана: "Нааглихац" тайзны баруун талд

Waldo асар 🧘🏻‍♀️

Тайвшралын хөндий Вальдо асарт йога, бясалгал, бүтээлч яриагаар өглөөг угтаж, сонирхолтой зочидтой ярилцлага, хүний эрх, амьтны эрхийг тунхагласан хөтөлбөрүүд, гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд үргэлжилнэ.
Харин оройн цагуудад асуулт хариултын тататунга, уран бүтээлчдийн хөшигний ардах ярилцлага, эмэгтэйчүүдийн стэнд-ап комеди, Waldo Live хөгжмийн тоглолтууд, 70, 80, 90, 00 оны үдэшлэг зохиогдох нь ээ.

Хаана: BNKR асрын баруун талд, Info+medical хэсгийн хойно

Playtime Plus: Хөгжмөөс чинад

Playtime фестиваль хөгжмөөс гадна урлаг, соёл, энтертайнментын хөтөлбөрүүдээр дүүрэн өнгөрдөг билээ. Очсон хэн бүхэн уйдахгүй олон хөтөлбөр өглөөнөөс орой хүртэл үргэлжилдэг. Энэ хэсэгт бүжиг, иог, гар урлал, хэлэлцүүлэг, воркшоп гээд бүтээлч орон зай таныг хүлээж байх болно. Тэдгээрээс онцлон танилцуулъя.

🇲🇳 Toglildo
📍 Mongolian culture

Playtime хөгжмийн фестиваль шинэ байршилд очсоноос хойш өдөртөө 40 мянган үзэгч хүлээн авах хүчин чадалтай болсон юм. Нийт үзэгчийн 5 хувь нь буюу 2000 нь гадаадаас ирсэн жуулчид. Бүр зөвхөн уг фестивалийг зорьж ирдэг хөгжмийн “хорхойтнууд” ч бий. Ирсэн сонсогчдыг тухтай, хөгжилтэй, Монгол ахуй соёлыг таниулахуйц байх үүднээс хөтөлбөрүүдийг ч мөн нарийн төлөвлөсөн байдаг. Хөгжилдөхөөр ирсэн хүмүүсийг уйдаахгүйгээр монгол соёлтой танилцуулах арга бол тоглоом. Хэрэв та гадаадаас ирсэн найзыгаа фестиваль руу дагуулж ирсэн бол энэ асраар зочилж зугаагаа гаргаарай.

📄 Ré Paper Studio: Аргалаар цаас хийцгээе воркшоп
📍 La Vie en Rose

Монгол судлаачид аргалаар цаас хийлээ гэсэн мэдээ нэг хэсэг шуугиулсан даа? Тэд бол Ré Paper студи. Уг студи нь 2023 онд байгуулагдсан ба нэг ч мод тайрахгүйгээр, байгальд ээлтэй байдлаар аргал, даавуун хаягдлаас цаас үйлдвэрлэдэг. Тэдний эцсийн бүтээгдэхүүн нь нэрийн хуудас, урилга, шошго, брошур зэрэг төрөл бүрийн цаасан хэвлэлүүд байдаг бөгөөд хэрэв та өөрийн гараар тэдний нөү хаутай танилцаж, цаас хийж үзэхийг хүсвэл La Vie en Rose асраар зочлоорой. 

🎬 Көгжим: Кино ба хөгжмийн тататунга
📍 Waldo

Бүх кино, дууг мэддэг хэнхэг найзаа дагуулж очих сонирхолтой тататунга нь нийт хоёр удаа зохиогдох нь ээ. Хэрэв найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөж, хэсэг өөр зүйл хиймээр санагдвал Вальдо асрыг зорьж мэдлэгээ уралдуулаарай. Зөвхөн хөгжим, кино, гэлтгүй ном, урлагийн мэдлэгийг ч мөн сорих юм байна. Тататунгад багаараа оролцох бөгөөд нэг баг 2-4 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байж болно гэнэ. 

🧜🏻‍♀️ Азийн сан: Үлгэрийн цаг
📍 Kids Zone

Хүүхдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд байвал Playtime Plus хэсгийг Kids Zone хэсэгтэй ойр байгаарай. Бужигнаан дунд ядарсан бяцхан хүүхдүүдээ баярлуулж хамтдаа чанартай цаг өнгөрүүлэхдээ үлгэр уншиж өгвөл ямар вэ? 

Лоринэт Сангийн дэмжлэгтэйгээр Азийн Сангийн хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд "Үлгэрийн цаг" үйл ажиллагаа хэрэгжиж байгаа билээ. Уг үйл ажиллагаа нь 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэсэн ба хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн ном уншихын чухлыг таниулах зорилготой олон нийтийн аян юм. Энд хүүхдүүдээ дагуулан ирж үлгэр уншиж, үеийн хүүхдүүдтэй нь зугаацуулахад яг тохирно.

Уншигч та бүхэн дэлгэрэнгүй хөгжмийн бус хөтөлбөрийг ЭНД дарж үзээрэй. 

Плэйтаймчдын дурсамжаас #2

2023 оны Playtime-ийн хоёр дахь өдөр буюу Баасан гаргийг их тод санадаг юм. Тэр өдөр миний сонсох дуртай хоёр хамтлаг дараалаад тоглох байсан тул ажлаа хаяад эртхэн гарч таксинд суугаад наадмын зүг мордлоо. Үзэхийг хүссэн Cigarettes After Sex маань юу юугүй эхлэх гээд байдаг, гэтэл хотоос Монгол шилтгээн хүрэх зам таг гацчихсан. Тэсгэл алдаад цагтаа амжихын тулд хамт явж байсан найзуудтайгаа алхаад, гүйгээд, явж өглөө. Төв тайз руу очиход CAS гараад ирчихсэн, тоглолт нь яг эхэлж байж билээ. Яарч ирсэн хүмүүс хоолойг нь сонсоод тайвшраад л. Дараа нь Motorama гарч ирж нар жаргаж буй зөөлөн салхитай үед "Wind in her Hair" дуугаа тоглоод л... Youtube-ээр л амьд тоглолтыг нь үзэж сонороо мялаадаг хамтлагуудаа нэг дор үзэх үнэхээр гоё байсан. Тэгээд эд наргиж яваад тухайн үед аваад удаагүй байсан iPhone 15-аа хулгайд алдсанаа олоогүйшд.

Ж.Тэмүүжин

Дэлгэрүүлэн унших:
"Плэйтаймчдын 10 ертөнц, 10 өнцөг"

Эцэст нь Playtime-ийг зорин ирж буй наадамчдадаа, зөвхөн дуртай хамтлаг, дуучдаараа хөгжмийг таашаах мэдрэмжээ бүү хязгаарлаарай хэмээн захья. Хөгжмийн сайхан нь шинийг сонсож, бусдын болон өөрийнхөө ертөнцөөр аялахад байдаг. Хөгжмийн фестивалийн гол зорилго ч тэр уг аялалд туслах билээ. Тиймээс нэг өдрийн өмнө ч болов зөвхөн хөгжилдөхөөс гадна уран бүтээлчдийн хөгжмийг тогтон сууж, таашаан сонордоорой.

Нийтлэлч: Ж.Гэрэлчимэг
Арт директор: Ө.Амин-Эрдэнэ
Креатив Директор: Ч.Шинийннэгэн