Улаанбаатарын хамгийн таатай оффис: Нано Интернэйшнл

Байгууллагын нэр: Нано Интернэйшнл ХХК
Байгуулагдсан он: 2007
Үйл ажиллагааны чиглэл: Өргөн хэрэглээний бараа, хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн импорт, албан ёсны дистрибьюшн болон борлуулалт
Ажилтны тоо: 400+ 
Хаяг
Төв оффис: Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж, NM tower, 13 давхарт,
Агуулах: Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн гудамж, 5760м² Central Distribution Center
Цахим хаяг:
nanointernational.mn
Сошиал хуудас:
LinkedIn, Facebook, Instagram

Unread-ийн брэнд контентын нэг “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалт долоо дахь жилдээ уншигч та бүхэнд хүрч байна.

2023 оны судалгаагаар дэлхий даяарх ажилчдын бүтээмжийн 70 хувь нь ажлын орчин, уур амьсгалаас хамаардаг бол судалгаанд оролцогчдын 77 хувь нь ажлаа сонгохдоо байгууллагын соёлыг цалингаас илүү чухалчилдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, ажилдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж зөвхөн цалин, албан тушаалаас бус орчин, хамт олон, байгууллагын соёлоос шууд хамаардаг аж.

Иймд бид “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” цувралаараа зөвхөн тохилог орон зай бус, ажилчдын бүтээмж, эрүүл, таатай орчныг бүрдүүлж чадсан ажлын орчныг онцлон танилцуулдаг билээ.

Энэ удаагийн “Таатай оффис”-оор бид Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлд 18 жилийн турш тэргүүлэгчийн байр сууриа хадгалж буй “Нано Интернэйшнл” компанийн шинэхэн төв оффисоор зочиллоо.

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Lay’s чипс, Chupa Chups, L’Oréal, Dove, Nivea, эдгээр нэрийг сонсоод танд танил санагдаж байгаа биз ээ. Харин дэлхийд танигдсан тус брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд 18 жилийн турш хүргэж буй компани бол Нано Интернэйшнл ХХК юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус компани өдгөө Монголын хамгийн том дистрибьютерүүдийн нэг бөгөөд энэ сард гэхэд бидний мэдэх Mars, Milky Way, M&M зэрэг бүтээгдэхүүний дистрибьютер болоод буй.

Нано Интернэйшнл дэлхийд тэргүүлэгч 25 гаруй олон улсын корпорацийн 70 гаруй брэндийн 3,500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын бүх аймаг, сумын 8,000 гаруй худалдааны цэгт хүргэдэг. Бараг монгол хүн бүрийн гэрт, гал тогоонд, ариун цэврийн өрөөнд тэдний бүтээгдэхүүн байдаг гэсэн үг. Энэ удаагийн Таатай оффис нийтлэлийн гол дүрүүд бол тэдний 360 төлөвлөлттэй оффис ба Сонсголонд байрлах агуулах. Нано Интернэйшнлийн шинэ оффис нь ажиллах орчноороо ч тэр, үзэл баримтлалаараа ч тэр “Бүхнээс түрүүнд” хэмээх уриагаа бодитоор илэрхийлдэг нь тэднийг онцлох шалтгаан байв.

ТӨВ ОФФИС

360°-ийн ухаалаг төлөвлөлт

Нано Интернэйшнлийн төв оффис нь нийт 650 м² талбайг хамарсан 360° төлөвлөлттэй, орчин үеийн оффисын жишиг. Энэ төлөвлөлт зөвхөн архитектурын шийдэл бус, компанийн философийг мөн илэрхийлдэг. Ил тод, хурдтай, уялдаа холбоотой байх зарчмыг орон зайд шингээсэн гэсэн үг.

Бүх алба, нэгж хоорондоо ил тод, хурдан мэдээллээ солилцоход зориулагдсан төлөвлөлттэй. Төв хэсэгт ресепшн байрлаж, түүнээс дөрвөн зүгт хэлтэс бүрийн багууд дугуй хэлбэрийн төлөвлөлтөөр байрладаг тул мэдээлэл нэг чиглэлд гацах бус, бүх чиглэлд зэрэг урсдаг гэсэн үг. Энэ нь дистрибьютер компанийн үйл ажиллагааны онцлогтой уялдана. Жишээ нь, бүх алба нэгжүүд санхүүтэйгээ өдөр тутам үргэлж холбоотой ажилладаг тул санхүүгийн ажилчид суудаг хэсэг хоёр талаасаа орж ирдэг төлөвлөлттэй. Мөн түүнчлэн өдөр тутамдаа ажилчид санхүүгийн албаны хэн нэгэнтэй мөнгөтэй холбоотой асуудлаар орж ирэлгүйгээр банкны теллер шиг санхүүгийн хэсэг байгуулсан байх жишээтэй.

Нэг талаасаа 360 төлөвлөлт нь хүн бүр бие биетэйгээ нээлттэй харилцах, нөгөө талаасаа хэт бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх ухаалаг төлөвлөгөө юм.

Open space оффис

Өрөөний бүх хаалга шилэн, ажилчдын суудаг хэсэг нь “open space” хэлбэрийн нээлттэй орон зай бүхий. Ингэснээр багуудын хоорондын харилцаа улам ойр, мэдээлэл хоорондоо хурдан солилцож, шийдвэр гаргах хурд нэмэгдүүлдэг.

Оффисын гол хэсэг зургаан том цонхтой бөгөөд үүгээр байгалийн гэрэл саадгүй өрөөнүүдийн өнцөгт булан бүрд хүрдэг, 13 давхарт наран талдаа байрласан энэ хэсэг оффисын хамгийн гэгээлэг, тэр ч тугаараа үр бүтээмж ундарч байдаг газар гэхэд хилсдэхгүй.

NM Tower-ийн бүтэц ч өөрөө ийм. Уг барилгын цонхнууд нь нээгддэггүй ба орчин үеийн ventilation системээр агаарыг автоматаар шүүж, дотоод орчныг цэвэрхэн, дуу чимээ багатай, тоосжилт багатай байлгадаг.

Нэг орон зайд: Удирдлагууд болон баг хамт олон

Нано Интернэйшнлийн соёлд “захирал” болон “ажилтан” гэсэн зааг байхгүй байлгах төлөвлөлтүүд олон бий. Тэдний хувьд компанийн удирдлагууд том, хаалттай өрөөнд ажиллах нь ажилчдад тухгүй, эвгүй сэтгэгдэл төрүүлдэг гэж үздэг учраас бусад ажилтнуудын нэгэн адил нээлттэй орчинд сууж, шууд харилцах боломжийг бүрдүүлжээ. Энэ нь шийдвэр гаргалтыг илүү хурдан, хоорондын ойлголцлыг илүү амар болгож, байгууллагын уур амьсгалыг ч тэр илүү тухтай, чөлөөтэй болгодог.

Утасны бүхээг

Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж буй компанийн хувьд дуу чимээний менежмент бол бүтээмжийн нэг түлхүүр. Тиймээс Нано Интернэйшнл оффистоо Product Features брэндийн дуу тусгаарлагч “утасны бүхээг”-үүдийг суурилуулжээ. Эдгээр бүхээг нь 35 дБ хүртэл дуу чимээг бууруулж, хоёр минут тутам агаарыг бүрэн сэлгэдэг вентиляцийн системтэй. Мөн 4000K LED гэрэл нь нүд ядраахгүй, төвлөрлийг дэмждэг бөгөөд гэрлийн тохируулга нь хэрэглэгчийн хэрэгцээнд нийцдэг. Нэг хүний болон хоёр хүний зориулалттай бүхээгүүд нь утсаар ярих, онлайн уулзалт хийх, төвлөрөх шаардлагатай мөчүүдэд хамгийн тухтай орчин болдог. Цонх нь гаднаас харагдахгүй, мэдрэгчтэй шилээр хийгдсэн тул дотор орсон даруйд амьсгалаас өөр зүйл сонсогдохгүй.

Цайны өрөө

Харууцын хувьд Богд уул, Төв цэнгэлдэх хүрээлэнг цайны өрөөнөөс ганцхан цонхоор тольдох боломжтой. Тийм ч учраас энэ хэсэг ажилчдын хамгийн дуртай хэсэг аж.
Энэ хэсэг сүүлийн үеийн кофены машин, аяга таваг угаагч, печь, хэрэгслээр бүрэн тоноглогджээ. Цэмцгэр, дулаан мэдрэмж төрүүлэх энэ хэсэг ажлын дундуур богино завсарлага авах, хамт олонтойгоо яриа өрнүүлэхэд төгс тохирдог. Энэ өрөөний нэг онцлог нь гал тогоо болон хурлын танхимыг тусгаарлах эвхэгддэг хана. Баасан гараг бүрийн Friday Night арга хэмжээний үеэр уг ханыг хураахад уудам хурлын танхимыг нийлүүлсэн илүү цэлгэр, илүү дотно уур амьсгалтай орчин бүрддэг.

Цагаан өрөө

Нано Интернэйшнл-ийн бүх стратегийн уулзалт, хурал, хэлэлцүүлэг хурлын өрөө буюу цагаан өрөөнд болдог. Энэхүү өрөө нь цайвар өнгийн минимал интерьер, дуу тусгаарлагч хана, Logitech PTS Pro 2 төхөөрөмжөөр тоноглогдсон камер бүхий энэ өрөө нь гадаад түншүүдтэй видео уулзалт хийхэд өндөр чанарын дүрс, дуутайгаар хийх боломж олгодог.

Ариун цэврийн өрөө

Төв оффист зочлох хүмүүсийн хамгийн түрүүнд анзаарч бүр гайхширдаг хэсэг нь ариун цэврийн өрөө. Энд дэлхийн алдарт брэндүүдийн (Chanel, Dior гэх мэт) үнэртэй ус, нүүр будаг, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, үсний индүү, сэнс гээд бүх хэрэгцээ бий.

Оффисын маань хамгийн дуртай хэсэг бол ариун цэврийн өрөө. Бидэнд нэг эрдэнэсийн сав бий. Тэнд Dior, Dolce&Gabbana, Giorgio Armani гээд дэлхийн алдартай үнэртэй уснуудаас эхлээд манай дистрбютер хийдэг дэлхийн чанартай гоо сайхан, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд дүүрэн байдаг. Миний хувьд онлайн болон гадуур уулзалт, хурал ихтэй байдаг болохоор эндээ өөрийгөө бүрэн бэлдээд л ажилдаа эрч хүчтэй ордог доо. Бас гал тогоондоо суугаад кофегоо уугаад Улаанбаатараа холоос харах дуртай.
Төслийн менежер - Э.Намуун

ӨНГӨ

Дотоод засалд бэйж, цагаан суурь өнгө давамгайлж, брэндийн улаан өнгө акцент байдлаар шингэсэн нь орон зайд дулаан, тайван уур амьсгал бүрдүүлдэг. Энэ өнгөний шийдэл нь компанийн өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ ажилтнуудын анхаарал төвлөрлийг дэмждэг. Өмнөх оффист илүү тод, улаан өнгө давамгайлж байсан бол шинэ оффист илүү тэнцвэртэй, тайван мэдрэмж төрүүлэхүйц өнгийг ийнхүү сонгожээ. Түүнчлэн оффисын төв хэсэгт Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, зураач Б.Баярт-Од нарын уран бүтээлүүдийг байрлуулжээ.

NM Tower-ийн бүтэц ч өөрөө ийм. Уг барилгын цонхнууд нь нээгддэггүй ба орчин үеийн ventilation системээр агаарыг автоматаар шүүж, дотоод орчныг цэвэрхэн, дуу чимээ багатай, тоосжилт багатай байлгадаг.

ТУЛГА

Оффисын хойморт байрлах тулга нь Нано Интернэйшнлийн уламжлал, үнэ цэнийг илтгэдэг нэгэн бэлгэдэл. Ерөнхий захирал Н.Батбаатарын найзын тус бэлгийг тэд шинэ оффист нүүх бүртээ авчирч, хүндэтгэлтэйгээр хоймортоо залдаг уламжлалтай. Заримдаа тэд хиймэл гал асааж гал голомтоо бадрааж, хамт олны халуун дулаан уур амьсгалын билэг тэмдэг болдог ажээ.

АГУУЛАХ

Зохион байгуулалт

Нано Интернэйшнл-ийн Central Distribution Center (CDC) нь нийт 5,760 м² талбайг хамарсан дэвшилтэт агуулах. 2024 онд ашиглалтад орсон тус агуулах нь SAP Warehouse Module системээр бүрэн автоматчилагдсан бөгөөд бүтээгдэхүүн бүрийн хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах боломжтой. Шошго, байрлал, маршрутын систем нь маш ойлгомжтой тул шинэ ажилтан анх орсон даруйдаа ажлын чиглэлээ төвөггүй ойлгодог. Энэхүү цэгцтэй, ухаалаг зохион байгуулалт нь логистикийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна ажилтнуудын ажлын хэмнэл, аюулгүй байдлыг бүрэн хангаж өгдөг аж. Үзэмжтэй, цэвэрхэн орчинтой уг агуулах уламжлалт агуулахаас маш ялгаатай.

Амрах хэсэг

Ачаалалтай ажлын дараа ажилчид энд хамт олонтойгоо сууж амарч, хоолоо идэж, кофегоо ууж тухлах дуртай.

Шүршүүр

Нано Интернэйшнл-ийн агуулах нь ажилтнуудын тав тухыг бодолцож, хувцас солих болон шүршүүрийн өрөөг орчин үеийн шийдлээр тохижуулсан. Халуун усны даралт жигд системтэй, цэвэрхэн, тухтай энэ хэсэг хотын захаас ирж ажилладаг ажилчдад маш тухтай амралт болж чаддаг.

Угаалгын өрөө

Агуулахын онцгой шийдлүүдийн нэг бол ажилтнуудад зориулсан угаалгын машин, хатаагч бүхий өрөө. Хөдөө орон нутгаас ирж ажилладаг, эсвэл урт ээлжээр ажилладаг ажилтнууд хувцсаа угааж, хатааж, цэвэрхэн хувцастайгаар ажлаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Угаалгын хэсэг нь хадгалах шүүгээтэй тул ажилтнууд хувийн эд зүйлээ аюулгүй хадгалах боломжтой. Ажил, амралт, ахуйг нэг дор хослуулсан энэ орон зай нь Нано Интернэйшнл-ийн чухал хэсгүүдийн нэг.

Агуулах гэхээр хүмүүс ихэнхдээ шороо тоостой, хэцүү орчин төсөөлдөг. Харин манай агуулахын оффис үнэхээр тухтай, цэвэрхэн, тохилог. Өглөө кофегоо ууж тайван эхлүүлээд, өдөржин маршрутын дагуу бараагаа түгээж, ажил дуусмагц халуун шүршүүрт орж амарч суух боломжтой нь надад хамгийн гоё санагддаг.
Бараа түгээгч - Э.Цэвээннамжил

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Тус компани байгууллага өсөн дэвжихийн хэрээр ажилтан бүрийн ур чадвар, мэдлэг, оролцоо ахих ёстой гэж үздэг. Тийм ч учраас Нано Интернэйшнл сургалт, хөгжлийн төсвөө жил бүр нэмэгдүүлж, дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажилладаг. Шинэ ажилтны анхан шатны сургалтаас эхлээд дунд шатны менежерүүдийн манлайллын хөтөлбөр, гүйцэтгэх түвшний мэргэжлийн сургалт хүртэл тодорхой төлөвлөгөөтэй, хяналттай хэрэгждэг аж.

Компанийн нийт ажилтнуудын 80 гаруй хувь нь жил бүр дор хаяж нэг дотоод сургалтад, 40 гаруй хувь нь гадаадын сургалт, мэргэжлийн семинарт хамрагддаг. “Туршлага, өсөлт, хөгжил”, “Nano Women Leadership”, “Corporate Wellness”, “Welcome Nano”, “Сургагч багш” зэрэг хөтөлбөрүүд нь Нано Интернэйшнл-ийн соёлын салшгүй нэг хэсэг. Эдгээр сургалтад зөвхөн дотоод илтгэгчид бус, Монголын болон олон улсын бизнес, менежмент, сэтгэлзүйн салбарын тэргүүлэгч зөвлөхүүд уригдан оролцдог. Ингэснээр ажилчид орчин үеийн хандлага, дэлхийн түвшний кейс судалгаатай танилцаж, мэдлэгээ зузаатгах бүрэн боломжтой. Мөн “Nano AM Talk” өглөөний уулзалт болон “Friday Night” арга хэмжээ нь багуудын хоорондын уур амьсгалыг сэргээж, чөлөөтэй санал солилцох, хамтдаа амжилтаа хуваалцах орчныг бүрдүүлдэг.

Нано Интернэйшнл ажилтнуудаа зөвхөн мэргэжлийн чадамжаас гадна бие бялдар, сэтгэлзүйн хувьд ч гэсэн дэмжихийг зорьдог. Nano Swimming Club, Nano Hiking Club зэрэг спортын клубүүдийг байгууллага өөрөө бүрэн санхүүжүүлж, ажилтнуудаа идэвхтэй амьдралын хэмнэлд уриалдаг. Nano Swimming Club-д одоогоор 80 гаруй ажилтнууд хамрагдаж аль хэдийн сэлж сурчээ. Мөн “Brown Bag” English Speaking хөтөлбөр нь долоо хоног бүр зохион байгуулагддаг бөгөөд ажилтнууд чөлөөтэй ярилцах, практик орчинд хэлээ сайжруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

​​Хан-Уул дүүргийн бизнес төвд сүндэрлэсэн NM Tower-ийн 13 давхарт байрлах тус оффисыг бид энэ жилийн эхний оффисоор онцоллоо. Бүтээлч эрч ундарсан тус оффисын хотыг бүрэн тольдох цэлгэр харууц, байгалийн гэрэл, 360 төлөвлөлтийг онцлууштай. Энд ажилчид эрч хүчтэй, тухтай бөгөөд хамгийн гол нь бүтээмжтэй ажиллахад шаардлагатай бүх нөхцөл бүрджээ.

Нийтлэлч: Ж.Гэрэлчимэг
Гэрэл зургийг: Б.Анарбаяр
Визуал: Ж.Тэмүүжин, Ч.Шинийннэгэн

Та манай "Улаанбаатар хотын хамгийн таатай оффис 2025"-т санал болгох таатай оффисоо бидэн рүү илгээгээрэй.