Улаанбаатарын хамгийн таатай оффис: Грийн Гэйт Интернэйшнл ХХК
Байгууллагын нэр: Грийн Гэйт Интернэйшнл ХХК
Байгуулагдсан он: 2018
Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн бүтээгдэхүүний импорт, дистрибьюшн
Ажилтны тоо: 135
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Урт цагааны Pearl Tower-ийн 13 давхарт
Цахим хаяг: ggi.mn
Сошиал хуудас: Facebook, Instagram
Unread-ийн брэнд контентын нэг “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалт ийнхүү найм дахь жилдээ үргэлжилж, гал морин жилийн шинэ дугаараар уншигч тантай дахин уулзаж байна. Энэ удаа бид Грийн Гэйт Интернэйшнл-ийн оффисыг онцолж байна.
2018 оны шороон нохой жилд Францын арьс арчилгааны брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлж байсан Грийн Гэйт Интернэйшнл ХХК өдгөө эх, хүүхдийн асаргаа, эрүүл хүнс, гоо сайхны чиглэлээр дэлхийн 25 брэндийн 1,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын 700 гаруй худалдааны цэгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байгаа юм.
Бидний хувьд тус байгууллагын уян хатан ажлын соёл, гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орон зайн шийдлүүд нь энэ оффисыг онцлох шалтгаан боллоо. Ингээд тэдний ажлын орчин, интерьерийн шийдэл, болон ажилтнуудын сэтгэгдэлтэй илүү дэлгэрэнгүй танилцъя.
ТӨВ ОФФИС
Үндсэн заал
Ажилтнуудын нэгэн цагт төсөөлөн ярьж байсан мөрөөдлийн оффис бол хотын А зэрэглэлд сүндэрлэх энэ оффис. Pearl Tower барилгын 13 давхарт байрлах, 500 гаруй метр квадрат талбай бүхий тус оффист орж ирэхэд хамгийн түрүүнд анзаарагддаг нэг зүйл нь орон зайн нээлттэй шийдэл, өндөр тааз, дугуй хэлбэрийн архитектурын элементүүд. Эдгээр нь албаны хүйтэн уур амьсгалаас илүү бүтээлч, чөлөөтэй уур амьсгалыг төрүүлэх аж.
Үндсэн зааланд маркетингийн албаны 30 гаруй ажилтан ажилладаг бөгөөд нээлттэй зохион байгуулалттай энэ хэсэг ажилчдын харилцаа холбоог хөнгөвчилж, багийн уялдаа холбоог дэмждэг. Нээлттэй оффисын нэг сул тал нь дуу чимээ байдгийг тооцож, дуу чимээ багасгах чихний бөглөө, тусгаарлах жижиг уулзалтын буланг төлөвлөжээ.
Тохижилт
Өрөөнүүд ихэвчлэн цагаан, хар өнгө давамгайлсан минимал шийдэлтэй ба энэ хослол нь орчныг илүү эмх цэгцтэй, цэлгэр харагдуулдаг онцлогтой. Гэрлийн хувьд хурц, цагаан гэрлээс татгалзаж байгалийн шаргал туяатай гэрэлтүүлгийг сонгосон нь ажилчдын нүдний ачааллыг бууруулах зорилготой ажээ.
Ажилчдын ширээ, сандлыг анзаарвал эргономик шийдэлд онцгой анхаарсан нь харагдана. Сандлууд нь хөл амраагчтай, 180 градус хүртэл хойш налж дэлгэгддэг тул ажилтнууд цайны цагаараа заавал амралтын өрөө рүү очилгүйгээр богино хугацаанд амсхийх боломжтой. Орчин үеийн судалгаанууд богино хугацаанд ажил дээрээ амрах нь бүтээмжийг нэмэгдүүлж, стресс бууруулдаг болохыг онцлоод буй. Тиймээс энэ мэт жижиг боловч хэрэгцээтэй шийдлүүдийг өрөөний өнгөнөөс авхуулаад тавилгадаа хүртэл шингээхийг зорьжээ.
Хүүхдийн хэсэг
Грийн Гэйт Интернэйшнл-д ажилладаг олон арван залуу ээж, аавуудын хувьд ажил, амьдралын тэнцвэр чухал. Тиймээс ажилчдын цаг зав, ачааллыг хөнгөвчлөх үүднээс тусгайлан хүүхдийн өрөөг тохижуулсан байна.
Бусад байгууллагуудтай харьцуулахад тус оффист хүүхдэд ээлтэй шийдлүүд илүү олон. Ажилчид заримдаа хүүхдүүдээ дагуулан ирэх нь элбэг бөгөөд энэ нь бүр байгууллагын соёлын нэг хэсэг болсон байна. Хүүхдийн тоглоомын энэ хэсэг номын тавиур, эвлүүлдэг тоглоом, зөөлөн дэвсгэр, бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх жижиг хэрэгслүүдтэй ба эдгээрийг үргэлж шинэчилж, цэвэрлэж сайжруулж байдгаараа онцлог.
Ногоон ургамал
Эрүүл, органик орц найрлагатай бүтээгдэхүүн импортолдог компанийн хувьд байгальд ээлтэй хандлага нь зөвхөн бүтээгдэхүүн дээр бус, ажлын орчиндоо ч тусгалаа олох нь зүй биз ээ. Грийн Гэйт Интернэйшнл интерьерийн өнгө, тавилга зэргийг сонгохдоо ногоон өнгийг чухалчилдаг нь амьд, эрүүл орчин бүрдүүлэхийг зорьдогтой нь холбоотой.
Оффисын өнцөг булан бүрд байрлах 30 гаруй төрлийн, нийт 100 гаруй ногоон ургамал дунд лийрэн фикус, агаар шүүгч мөнхрөө, тайвшруулах мэдрэмж төрүүлэх монстера зэрэг ургамлууд багтжээ.
Сургалтын өрөө
Компанийн бүхий л амжилт бүтээлийг алдаршуулдаг алдрын самбар гэж байдаг даа? Харин Грийн Гэйт Интернэйшнл-ийн хувьд шагналын "стенк" бий.
Сар бүр 1-2 удаа 12 нэрийн дэлгүүрийн худалдааны зөвлөхүүдэд зориулсан бүтээгдэхүүний сургалт энд зохион байгуулагддаг. Ингэхдээ самбар дээр презентаци үзүүлэхээс илүү бүтээгдэхүүний бүтэц, савлагаа, найрлагатай бодитоор танилцах боломжийг бүрдүүлж тус стенкээ шинэ бүтээгдэхүүнээр шинэчилж байдаг.
Харин сургалт ороогүй үед эл өрөөг амралтын өрөөгөөр ашигладаг ба массажны сандал, жижиг буйдан гээд алжаалаа тайлах хэсэг олонтой. Тийм ч учраас энэ хэсэг ажилчдын хамгийн дуртай хэсгүүдийн нэг хэмээн үнэлэгддэг юм билээ.
Түр саатах цэг
Энэ хэсэг нь зайнаас ажилладаг ажилтнуудад зориулагдсан гэнэ. Борлуулалтын багийн нийт 30 гаруй ажилтан оффис дээр ирэн, очин ажилладаг тул тэдний тав тухыг алдагдуулахгүйн тулд хана руу харсан ширээ, утасны бүхээг, жижиг өрөөг төлөвлөсөн нь энэ.
Зураг авалтын студи
Энд Грийн Гэйт-ийн оруулж ирдэг бүхий л бүтээгдэхүүний зураг болон бичлэгийг мэргэжлийн түвшинд хийх тоног төхөөрөмж, камер, гэрэл бий. Тус студид ихэвчлэн 2-4 хүн хамтарч ажиллах бөгөөд дуу оруулалт хийх тусгай хэсгийг ч мөн багтаажээ.
Унтах хэсэг
Үндсэн заалны хойно мансарт бүхий тохижилттой унтах хэсэгт ажилчид өдрийн унталга хийдэг. Хүүхэдтэйгээ ажил дээрээ ирсэн эцэг эхчүүд энд хүүхдээ унтуулангаа ажлаа амжуулах боломжтой. Ажилтнуудын хэлж буйгаар ядарсан, ханиад хүрч бие өвдсөн үед энэ хэсэг л ёстой "аминд ордог" гэнэ.
Манай маркетинг болон хүний нөөцийн хэлтэс хоорондоо мэдээллээ маш хурдан, шуурхай солилцож чаддаг нь бидний оффистой холбоотой болов уу. Бие биетэйгээ ойрхон суудаг болохоор шууд очоод л хэрэгтэй мэдээллээ авчихдаг. Миний хувьд оффисын хамгийн дуртай хэсэг нь амрах хэсэг. Заримдаа халуурч, ядарсан үед үнэхээр дуг хийх мөч хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ үедээ амралтын хэсэгтээ очоод хэсэг хэвтэхэд л сэргээд гараад ирдэг.
АГУУЛАХ
Автомат хаалга
Бизнесийн өнгөн талд оффисын интерьер, маркетинг, брэндийн стратеги харагддаг бол суурь ажлууд логистик, агуулахын зохион байгуулалт дээр тогтдог. Грийн Гэйт Интернэйшнл-ийн 2022 онд ашиглалтад орсон гурван блок бүхий агуулах нь бусад компаниудад жишиг болсон агуулах гэдгээрээ онцлог.
Үүнээс нэг онцлох хэсэг нь автоматажсан хаалганы систем юм. Бараа бүтээгдэхүүн ирэх үед уламжлалт байдлаар гараар татаж, өргөж буулгах шаардлагагүй учраас цаг хугацаа хэмнэхээс гадна ажилтнуудын биеийн ачааллыг бууруулдаг.
Амрах өрөө
Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудын хувьд тав тух, амрах хэсэг маш чухал. Ялангуяа хотын төвөөс зайдуу байрлалтай агуулах учраас ажилтнуудыг бүхий л хэрэгцээгээр нь хангах хэрэгтэй. Тиймээс агуулах дотроо цайны газар, шүршүүр, амралтын өрөө зэргийг төлөвлөсөн нь энэ.
Агааржуулалт
Мөн агуулахын агааржуулалт, температурын горим нь хадгалагдаж буй бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан өөрчлөгддөг автомат тохируулгатай. Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний хувьд найрлага, бүтэц нь орчны нөхцөлд маш мэдрэмтгий байдаг учраас тогтвортой температур, зохистой чийгшил бүхий орчинд хадгалагдах хэрэгтэй.
Агуулахын ариун цэврийн өрөө
Агуулахын ариун цэврийн өрөө
Сургалтын өрөө
Сургалтын өрөө
Агуулахын оффис
Агуулахын оффис
Ярилцлагын өрөө
Ярилцлагын өрөө
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ
О рчин үеийн байгууллагын өрсөлдөх чадвар зөвхөн зах зээлийн хувь хэмжээгээр хэмжигдэхээ больж байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт нь стратегийн салшгүй хэсэг болжээ.
Дурдсанчлан Грийн Гэйт Интернэйшнл-ийн хувьд ажилчдын хүүхэд, гэр бүл чухал. Ажилтны амьдралын чухал мөч бүрд хамт байж, дэмжлэг үзүүлэхийг зорьдгийг гэрлэх ёслолд зориулсан ажлын 5 хоногийн чөлөө, аавуудад олгох 10 хоногийн чөлөө, 12 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үед ажлын 3 хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг шийдлүүдээс харж болно.
Судалгаагаар ажил, гэр бүлийн зохистой тэнцвэр хангагдсан үед ажилтны сэтгэл ханамж, бүтээмж нэмэгддэг гэж үздэг. Тэр ч утгаараа гэр бүлд ээлтэй бодлого нь нийгмийн хариуцлага төдийгүй урт хугацааны хүний нөөцийн стратеги болдог гэсэн үг. Иймд тэд уян хатан цагийн хуваарийг санал болгож, ой хүрээгүй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зайнаас ажиллах боломжоор хангадаг ажээ.
Өдөр бүр оффис дээрээ ирж ажилладаг учраас өдрийн хоолоо гэрээсээ авч ирж амжихгүй үе байдаг. Энэ үедээ оффисынхоо гал тогоонд хөнгөхөн юм бэлдээд идчихдэг учраас энэ хэсэгтээ их дуртай. Мөн би өөрөө хэдий хүүхэдгүй ч гэсэн хүүхдийн хэсэг маань их цэвэрхэн байдгийг дурдах хэрэгтэй байх. Энэ хэсгийг зүгээр нэг гаргачхаад хаячхаагүй үргэлж цэвэрхэн, шинэ тоглоомтой, хүүхэд тоглоход эвтэйхэн болгох талаас нь арчилдаг.
Номын хэлэлцүүлэг
Хамт олны уур амьсгалыг зөвхөн албан уулзалт, team building-ээр бус хэлэлцүүлэг, жижиг уулзалтаар ч сайжруулах боломжтой. Хоёр сардаа нэг удаа зохион байгуулагддаг номын хэлэлцүүлэг нь Грийн Гэйт Интернэйшнл-ийн соёлын салшгүй хэсэг болжээ.
Тухайн сарын модератор нь бестселлер номуудаас сонголт хийж, уншсан номынхоо тухай яриа өрнүүлдэг. Хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа оффист биш кофе шоп, шинэ содон ресторан зэрэг албан бус орчинд зохион байгуулснаар илүү чөлөөтэй яриа өрнүүлэх боломж бүрдүүлдэг аж. Үүн дээр нэмээд эхний гурван хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон ажилтнууддаа дараагийн унших номыг нь бэлэглэдэг уламжлал нь унших дадлыг урамшуулдаг.
Талархлын захидал
Долоо хоног бүр компаниуд ажилчдаа нэгтгэх арга хэмжээ зохион байгуулахад бэрх. Харин Грийн Гэйт Интернэйшнл-ийн хувьд нэг уламжлал тогтсон нь долоо хоног бүрийн пүрэв гараг талархлын захидлын өдөр зохион байгуулагдаг явдал. Ажилтнууд хамт олондоо хандан бичсэн талархлын захидлаа тусгай хайрцагт хийж, пүрэв гарагт хамтдаа задлан уншдаг гэнэ. Хэн нэгний хийсэн ажлыг, үзүүлсэн тусламж, хандлагыг олны өмнө үнэлэх нь хамт олны уур амьсгалыг бэхжүүлдэг гэдгийг тэд өөрсдөө ч мөн онцолж байв.
Би ажилд ороод долоон сар болсон байна. Анх оффистоо ирж байхад шууд нүдэнд туссан хэсэг нь шилэн хаалгатай үндсэн заал байсан. Тэнд бүгдээрээ бие биетэйгээ ойр, харилцан холбоотой ажиллаж байгаа нь таалагдаж байсан юм. Харин миний хувьд ажлын онцлогоос хамаараад оффис дээрээ долоо хоногт хоёр удаа ирээд бусад өдөр нь гадуур ажилладаг. Тийм ч учраас ажлынхантайгаа уулзах, ярилцах хэрэгцээ их байдаг юм шиг байгаа юм. Ажил дээрээ ирсэн үедээ хурлын өрөөндөө хурал хийгээгүй байсан ч сууж амрах дуртай. Учир нь энэ өрөөнөөс л хамт олныхоо уур амьсгалыг хамгийн их мэдэрдэг юм шиг санагддаг.
Цайны өрөө
Цайны өрөө
Pearl Tower-ийн 13 давхарт байрлах энэхүү оффисыг бид энэ оны анхны онцлох оффисоор сонголоо. Гэгээлэг, цэлгэр интерьер шийдэл нь ажлын бүтээмжийг дэмжихийн зэрэгцээ ажилтнууд чөлөөтэй амарч, бүтээлчээр сэтгэх орчныг бүрдүүлжээ. Мөн ажилтнуудынхаа гэр бүлийн үнэ цэнийг хүндэтгэн, хүүхдүүдэд зориулсан тусгайлан тохижуулсан буланг оффисын нэг хэсэгт шигтгэсэн нь бидний анхаарлыг хамгийн их татсан юм.
Ингээд “Таатай оффис” цувралынхаа энэ оны эхний дугаарыг ийнхүү жаргаая. Цаашид бид дизайны ухаалаг шийдэл, ажилтанд ээлтэй хандлагыг шингээсэн олон сонирхолтой оффисуудыг онцлон хүргэх тул уншигч танд санал болгох оффис байвал доорх холбоосоор орж илгээгээрэй.
Нийтлэлч: Ж.Гэрэлчимэг
Гэрэл зургийг: Б.Анарбаяр
Видео: Б.Будрагчаа
Визуал: Ж.Тэмүүжин
Та манай "Улаанбаатар хотын хамгийн таатай оффис 2026"-д санал болгох таатай оффисоо энд дарж илгээгээрэй.
