Аялал зугаалга, баяр хөөрийг илэрхийлдэг “зун” хэмээх үг Улаанбаатарчуудын хувьд “үер усны аюул” гэх агуулгыг давхар тээх болоод цөөнгүй жилийг үджээ.
Өнгөрсөн жил л гэхэд бид ээлж дараалан тохиосон үерийн улмаас 344 тэрбум төгрөгийн хохирол амссан юм. Үүнээс бид ямар сургамж авсан бэ? Ер нь бид үерийн эрсдэлд бэлэн үү? Өмнөх үерүүдээс юуг сурсан бэ?
"Unread Special"-ийн үерийн тухай тусгай дугаартаа эдгээр асуултад хариулахыг зорилоо.
![](./assets/R2lEklAqzZ/tugs-buteegch-special-cover-f2-1920x1080.jpg)
![](./assets/0sJmxtUWT7/tugs-buteegch-special-cover-f3-1920x1080.jpg)
![](./assets/1JR3kjJXye/tugs-buteegch-special-cover-f4-1920x1080.jpg)
![](./assets/0IDgElFKPW/tugs-buteegch-special-cover-f5-1920x1080.jpg)
![](./assets/Ihhy2limxZ/tugs-buteegch-special-cover-f6-1920x1080.jpg)
![](./assets/M7PnECx0Z6/tugs-buteegch-special-cover-f7-1920x1080.jpg)
![](./assets/NzpehhjYvd/tugs-buteegch-special-cover-f8-new-1920x1080.jpg)
2024 оны дөрөвдүгээр сарын 17.
Харьцангуй хуурай уур амьсгалтайд тооцогдох Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй их хэмжээний хур тунадас орсны улмаас 18 хүний амь нас үрэгдэж, олон сая ам.долларын хохирол учрав.
“Сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй” гэдэг нь 1949 оноос л цаг агаарыг албан ёсоор хөтөлж эхэлсэнтэй холбоотой. Жирийн үед 2.5 жилд ордог их хэмжээний усан бороо ердөө нэг хоногийн дотор аадарласан нь энэ байлаа.
Энэ бүхэн 2024 он гарсаар ердөө дөрөвхөн сарын хугацаанд Франц, Индонез зэрэг 10 гаруй улсад тохиосон томоохон үерүүдийн зөвхөн нэг хэсэг нь болж байна. Угтаа тавдугаар сарын эх гэдэг ихэнх улс орнуудын хувьд зун ч, борооны улирал ч ирээгүй байгаа үе гэж бодохоор он дуустал бид хэчнээн байгалийн гамшигтай нүүр тулахыг таашгүй.
![](./assets/3F3uGtrTDy/1-ekh-survalzh-cnbc-jtgdtgmdzw-0.3-1024x683.jpg)
![](./assets/ioqD8o7Ty9/2-brazil-eh-survalj-cnn-jtgdtgmdzw-0.3-1110x625.jpg)
Бид юуг туулсан бэ?
Улаанбаатар хотын хувьд 1966 оноос хойш “их үер”-ийн эрсдэлтэй нүүр тулсан тохиолдол нь 2023 оны зун болов. Бараг л бүтэн зуны турш үер усны түгшүүрт мэдээн дунд байсан ноднин жилийн үйл явдлууд үнэндээ олон жилийн хугацаанд нэг удаа үзэгддэг тохиолдол төдий биш, харин ч биднийг ирээдүйд энэ мэт гамшигт үзэгдлүүдэд бэлэн байх ёстойг сануулсан анхааруулга болохыг ойлгох хэрэгтэй.
Тодруулбал, 2021 онд бүртгэгдсэн гамшигт үзэгдлийн тоо 26367 байсан бол, 2022 онд 28120, 2023 онд 28994 болж тасралтгүй өсөөд зогсохгүй гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ өнгөрсөн жил 344 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилүүдээс даруй хоёр дахин их дүн юм.
![](./assets/v8k45jKkBW/facebook-video-frame-0ms-720x912.jpg)
Өнгөрөгч долоодугаар сард гэхэд Сэлбэ голын далан хальж, нийслэл хотод 100 гаруй орон сууцны барилга, зам, гүүр, далан, цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд бүтцийн 702 обьект эвдэрсэн бол наймдугаар сарын аадарт дөрвөн том хүн, нэг хүүхэд, нэг нярай харамсалтайгаар амиа алдаж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртөж, олон зуун сая төгрөгийн шууд хохирол амссан юм. Үерт нийт 44.1 га талбай өртсөн ба Үндэсний соёл амралтын хүрээлэн дангаараа л гэхэд 2.24 тэрбумын хохирол амссанаас харахад өнгөрсөн зуны үерийн хохирлын хэмжээг тооцоход бэрх. Илүү муу мэдээ нь, 2024 онд ч энэ аюул байсаар л буй. Харин бид үүнд бэлэн үү?
![](./assets/FRuiwZtxty/3-3024x4032.jpg)
Учир юунд байна вэ?
Товчхондоо, дэлхий шатаж байна. 2023 он цаг уурын түүхэн дэх дэлхийн хамгийн халуун жилээр тодорч, улс орон бүрд хэт халалтын дээд рекорд ээлж дараалан эвдэгдсэн юм. Үнэндээ энэ үйл явдал 2024 онд ч үргэлжилсээр байгаа бөгөөд саяхан бид дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сарыг дуусгасан. Бүр тодруулбал дэлхийн хамгийн халуун температурын рекорд сүүлийн 11 сарын хугацаанд тасралтгүй эвдэгдсэнээр барахгүй цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Том зургаар нь аваад үзвэл амьдралыг тэтгэгч цэнхэр гарагийн маань цаг агаарын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хэдийн 1.4 градусаар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт эрчээ нэгэнт авсан болохыг мэдэгдэж буй мэт ажээ. Харин манай улсын хувьд энэ тоо 2.25 градусаар хэмжигдэх ба энэ нь биднийг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хурдтай нэрвэгдэж байгаа улсын нэг болгоход хангалттай үзүүлэлт болж байна.
![](./assets/PwacnXSV6P/4-4096x2899.jpg)
Хур бороог хур айдас болгож буй “үер” хэрхэн үүсдэг вэ?
Дэлхийн дундаж хэм өсөхөд усны ууршилт нэмэгдэж, илүү хүчтэй, илүү өндөр давтамжтай аадар бороо ордог. Далайн усны хэмжээ, дундаж агаарын хэм нэмэгдэж байгаа нь агаарын чийгшлийг ихэсгэж, улмаар үүл хуралдах үйл явц илүү хурдасдаг аж. Агаарын хэм нэмэгдэх тусам хуримтлагдах чийгийн хэмжээ ч дагаад өсдөг. Энэ нь явсаар дундаж хур тунадас, түүний үргэлжлэх хугацаа, давтамжид шууд нөлөөлдөг зүй тогтолтой.
![](./assets/J0JfOS0Nos/5-4032x3024.jpg)
Харин энэ их хэмжээний борооны усыг хөрс тэр чигт нь шингээж чадахгүй. Хөрсөнд шингэж амжсан багахан хэмжээний ус маш хурдтай уурших тул өнгөн хөрс хуурайшна. Энэ байдал удаан үргэлжилбээс гүний усыг ч ууршуулах аюултай. Үр дүнд нь усаар тэтгэгдэх учиртай үржил шимт хөрс ургамал тэжээх чадалгүй болж, ан амьтад ангаснаар ган гачиг болдог. Ийм үед их хэмжээний бороо нэмж орвол үер болж, цаашлаад том хэмжээний гамшиг дагуулдаг байна.
![](./assets/ETITvgvreX/6-4032x3024.jpg)
НӨХЦӨЛ БАЙДАЛ
![](./assets/N5Fu3777lL/itoim-750x500.png)
Бид үүнийг тойрон гарч чадах уу?
Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий нийтэд тохиосон гамшгийн бүртгэлд устай холбоотой цаг уурын үзэгдлүүд давамгайлж байгаа ба байгалийн гамшгаас үүдэлтэй нийт нас баралтын 70 хувийг эзэлж байгаа юм.
Цаг хугацааг наашлуулан авч үзсэн ч 2000 оноос хойш сүүлийн 24 жилд үерийн улмаас үүссэн гамшиг өмнөх 20 жилтэй нь харьцуулахад 134 хувиар өссөнийг мэдэхэд илүүдэхгүй.
Үерийн улмаас нас барагсдын тоо болон эдийн засгийн хувьд амссан хохирлын хэмжээний дийлэнх нь Ази тивд тохиосон байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн гол хохирогч нь Ази тив болж байгааг дахин баталгаажуулах ажээ.
![](./assets/4hDZaS1ddI/9-geodezi-usny-barilga-bai-guulamzhii-n-gazar-1536x1024.jpg)
Товчхондоо бид энэ аюулыг өвөр зуураа хичээгээд тойрч гарна гэдэг бараг л боломжгүй. Учир нь 2024 он гараад дөнгөж таван сар өнгөрч буй энэ үед л гэхэд бид хэдийн зуд, шар усны үер гэх хоёр ч байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй учраад байна. Хэдий энэ бүхнийг зогсооход бидний хүч мөхөстөх ч гэлээ болзошгүй эрсдэлд бэлэн байж, чанар стандартыг ягштал баримталж, аливаа гамшгаас үүсэх хохирлын хэмжээг хамгийн бага байлгах боломж бүрэн бий.
Бидний гэрийн даалгавар юу вэ?
2023 оны үерийн шалтгааныг мэргэжилтнүүд болон гаднын хэвлэлүүд тодорхойлохдоо:
- Улаанбаатар хотын замбараагүй төлөвлөлт, хяналтгүй газар олголт
- Элэгдэлд орсон зам, гүүр
- Ус зайлуулах системийн хүртээмжгүй, стандартгүй байдал
- Зам, гүүр, үерийн голомтыг засах зориулалттай хөрөнгийн буруу зарцуулалт
- Үерийн даланг хааж бохирдуулсан хог хаягдал
- Голын ай сав газрын бохирдол
хэмээж буй.
![](./assets/7PNX4aVFLE/8-3024x4032.jpg)
![](./assets/bJHfZRlmNQ/er-img-8458-1600x1066.jpg)
![](./assets/5EJrrcsu9m/ikon.mn-1596x898.jpg)
![](./assets/MT23QBrFh8/12-1543x887.png)
![](./assets/vmbMJ2ko1T/18-4032x3024.jpg)
1. Үерийн ам, уулын жалга даланг чөлөөлөх
Энэ талаар Дэлхийн Банкны Тэсвэрлэх чадварын инженерийн мэргэжилтэн Артесса Салдивар-Сали 2015 онд Улаанбаатар хотод ажиллах үедээ манай нийслэл шиг дөрвөн уулын дунд байрладаг хот уулынхаа энгэрт, үерийн аман дээр байшин барих нь олширсноор, мөн хотын ус зайлуулах систем стандартгүй байгаа нь үерийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхийг онцолж байсан аж.
2. Урьдчилан сэргийлэх сонордуулга илгээх
“Дэлхийн Цаг Уурын Байгууллага”-аас үер, ган гачиг болон бусад устай холбоотой аюулын үед нийтэд урьдчилан сэрэмжлүүлэх системтэй байх нь энэ тийш оруулж буй хөрөнгө оруулалтын үр дүнг 10 дахин нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг онцолжээ. Тухайлбал, байгалийн гамшиг, ширүүн шуурга ирж буй сэрэмжлүүлгийг 24 цагийн өмнө иргэдэд өгснөөр учирч болзошгүй хохирлыг 30 хувиар багасдаг аж. Энэ төрлийн технологийг бид өмнө цар тахлын үед хэрэгжүүлж байсан билээ.
3. Хотын ус зайлуулах системийг шинэчлэх, сайжруулах
Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Алтансүх TэнГэр ТВ-д өгсөн ярилцлагадаа,
"Энэ бол ганц Улаанбаатарын асуудал биш. Монгол Улсын гадаргын усны урсац, түүнд тохирсон төлөвлөлтийн асуудал бөгөөд хотыг тойрсон олон сум, тосгодоос үүнийг харж болно. Олон хоног үргэлжилсэн шиврээ бороонд хөрсний сулрал үүсэж, байгалийн бус гольдролууд бий болдог. Ялангуяа ус зайлуулах системийн дутагдалтай Улаанбаатар хотод. Ингэснээр барилгын сууриуд хөрсөнд ил гарч, усанд идэгдэж, цууралт өгч, газар хөдлөлтөд нурах аюул 80 хувьд хүрэх эрсдэлтэй. Улмаар хотыг дахин сэргээн босгох хэмжээнд хүргэх аюултай болно гэсэн үг. Иймд бид нэн яаралтай хотын ус зайлуулах шугам хоолойг зөв системчилж, хавар, зун, намрын улиралд саадгүй ажилладаг болгох хэрэгтэй." гэжээ.
Үнэхээр ч хотын ус зайлуулах шугамын 70 хувь нь 1970-1980 онд баригдсан, ашиглалтын шаардлага хангахаа больсон, цаашлаад хотын төвийн бүсээр л явдаг, хотын зах хэсэгт хотгор газруудад л байршсан байдаг аж.
Зураг: Улаанбаатар хотын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний схем зураг
4. Эрсдэлийг үнэлж, даатгалд хамрагдах
Хүн ам орон сууцны бүртгэлийн сүүлийн буюу 2022 оны тоон тайланд 889 гаруй мянган үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэйгээс ердөө 161 гаруй мянга нь л хөрөнгийн даатгалтай байгаа юм. Сонирхуулахад, монголчууд жилд дунджаар 87 мянган төгрөгийг даатгалд зарцуулдаг бол олон улсад энэ тоо 3.1 сая төгрөгтэй тэнцдэг аж. Ганц энэ тоо л гэхэд бидний эрсдэлийн тухай ойлголт, мэдлэг хангалтгүй байгааг гэрчилнэ.
Лавшруулбал, санхүүгийн зах зээлд банкны үйлчилгээ, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн үндсэн гурван салбар бий. Тэгвэл манай улсад санхүүгийн зах зээлийн ердөө нэг хүрэхгүй хувийг даатгалын салбар эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ мэт байгалийн давагдашгүй хүчин зүйл гэнэт тохиоход бидний ихэнх нь хар толгойдоо найдахаас өөр шийдэлгүй үлдэхээр байгааг анхаарууштай.
2024 онд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-д “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгана.” гэсэн байдаг. Харин 2023 онд энэ тоо 0.06 хувь буюу хуульчилсан хэмжээнээс 94 хувиар бага (нэг тэрбум гаруй төгрөг) байсан билээ.
Тэгвэл 2024 онд Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жилийн нөхцөл байдлаас сургамж авч, батлагдсан урсгал зардалд зориулах 1.1 их наяд төгрөгийн төсвийн 20 тэрбум буюу 1.8 хувийг гамшгаас хамгаалах, тодруулбал үерийн далан хүчитгэх ажилд төсөвлөсөн нь өмнөх оныхоос даруй 30 дахин өссөн дүн юм. Цаашлаад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж зөвхөн нийслэлийн төсвөөс гадна улсын төсөв, гадаадын зээл тусламжаар энэ тоог 60 орчим тэрбумд хүргэж, үерийн хамгаалалтын налуу байгууламжийн барилга угсралт, цэвэрлэгээний ажлууд хийхээр төлөвлөсөн байгааг мэдэгджээ.
2024 онд үерээс сэргийлэх ажлууд энэ оны хоёрдугаар сарын 15-наас эхэлснийг холбогдох албаныхан мэдээлсэн ба тус ажлын хүрээнд:
- Өнгөрсөн жил үерт автсан S’Outlet дэлгүүрийг буулгаж, голын голдирлыг өргөсгөх
- Сүүлийн 20 жилийн хугацаанд хуримтлагдаад байсан Сэлбэ болон Дунд голын бохирдлыг цэвэрлэж, голын түвшнийг доошлуулах
- Нарны гүүрээс Дунд голын гүүр хүртэл үерийн далан байгуулах тэргүүтэй ажлууд багтсан байна.
СТАНДАРТ
![](./assets/XvU6iE1UDw/usan-park-hartsaga-1-jtgdtgmdzw-0.5-1600x1067.jpg)
Суурьшлын бүсэд орсон түр зуурын аадар бороог хотын ногоон байгууламж болон ус зайлуулах системийн тусламжтай шийддэг бол урт хугацаанд үргэлжлэх хур тунадасыг үерийн далангаар шийддэг. Харамсалтай нь, 2021 оны байдлаар гэхэд нийслэлийн зургаан дүүргийн газар нутгийн 1.8 хувийг л ногоон байгууламж эзэлж байгаа юм. Тийм ч учраас 30 минутын аадар буухад л Улаанбаатар усанд автдаг болжээ.
Мөрдөгдөж буй стандартууд
Өнөөгийн байдлаар Монгол улсад үерээс хамгаалах, борооны ус зайлуулах байгууламжийн үндсэн 5-6 стандарт мөрдөгдөж буй. Үүнд,
- Авто замын байгууламж rудамж, замын гадаргуугийн ус зайлуулах сувгийн “U” хэлбэрийн төмөр бетон бүтээгдэхүүний бүтээц, нэр төрөл ба хэмжээний техникийн шаардлага бүхий “MNS 6494: 2014”
- Замын далангийн дэвсгэр үе ба далангийн материалын шаардлага бүхий “MNS AASHTO M 57: 2004”
- Бетонон суваг, үерийн ус зайлуулах хоолойн техникийн шаардлага бүхий “MNS AASHTO M 86: 2005”
- “Хотын стандарт, хяналтын газар”-аас баталсан Үер, борооны усны байгууламжийн “UCS 0501A:2023”, “UCS 0501B:2023” , “UCS 0501С:2023”
- Усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох журам “БНБД 33-01-03”
Зэрэг стандартууд тус тус багтаж байна. Үүнээс гадна зориулалт, барилгын материал бүрээр нарийвчилсан олон стандарт байдгийг дурдах нь зүйтэй.
![](./assets/QevEP14hzK/14-3024x4032.jpg)
Хэрэгцээ шаардлага ямар хэмжээнд байгаа вэ?
Судлаачдын тооцоогоор Улаанбаатар хотыг үер усны эрсдэлээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж буй нийт үерийн далангийн 80 орчим хувийнх нь насжилт хэтэрч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон ба усны барилга байгууламжийн чанар ашиглалтыг 10 онооноос үнэлэхэд 3.2-оор дүгнэгдсэнийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар”-аас мэдээлж байсан юм.
Стандартын хувьд, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10м, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5м зайд байхаар тогтоодог аж. Энэ зурвас дотор барилга байгууламж, орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон Захирагчийн ажлын албанаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Манай хотын хувьд уг стандартыг зөрчиж, нийслэлийн газрыг замбараагүй тарааснаас үүдэн 2023 онд давтагдсан тоогоор 1000 гаруй барилга байгууламжийн доод давхар усанд автаж, далан сэтэрч, автозамууд эвдэрч, цууран хотын удирдлагуудын зүгээс онцгой байдал зарлатал байдал хүндэрсэн юм. Үүнээс үүдэн цөөнгүй айл өрхийн байшин газарт суух, хазайлт өгөх, суурь цуурах зэрэг асуудалтай нүүр тулсан.
Эд хөрөнгөө хамгаалахын тулд…
Тэгвэл үерийн даланг барьж байгуулахад зай талбай, хэмжилтийг мэргэжлийн арга аргачлалын дагуу нарийвчлан бодож гаргах ёстойгоос гадна барилгын ажилд хэрэглэж буй материал нь чанар эдэлгээ талаас дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх учиртай:
- Тохирлын гэрчилгээтэй эсэх
- Олон улсын чанарын гэрчилгээтэй эсэх
- Үндэсний чанарын гэрчилгээтэй эсэх
- Стандарт тогтоогдоогүй барилгын шинэ материал, бүтээгдэхүүнийг барилгын материал сорил шинжилгээний лабораторид шинжлүүлж холбогдох байгууллагын дүгнэлттэй хэрэглэсэн эсэх
- Барилгын бүтээцийн ажил үйлдсэн акт, гарын үсэг гүйцэд зурагдсан эсэх зэрэг ордог.
Ялангуяа үерийн хамгаалалтын байгууламжийн чанар стандартын шаардлагад барилгын ажлын чухал суурь орц болох бетоныг чухалчлан авч үзэж, маркаар (Ерөнхий бетоны М100-1000 хүртэлх марк байдаг) нарийвчлан ангилахаас гадна, турших стандартуудыг тодорхой шатлал болгон дээр тусад нь зааж өгсөн байдаг байна.
Санал болгох:
![](./assets/SoX41XJcL1/363295661_852348169575028_8312935181762170772_n-2048x2047.jpg)
Монгол Улсын хувьд бетоны чанар, стандартын талаарх ойлголтоо нэгтгэх, энэ чиглэлийн мэдээ мэдээллийг салбарынханд хүргэж, барилгын салбарын аюулгүй ажиллагаа, насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Төгс бүтээгч” арга хэмжээг Америкийн Бетоны Институтийн (ACI) гишүүн болсон анхны монгол компани “Premium Concrete” ХХК, “Премиум Корпорейшн”-ээс санаачлан зохион байгуулдаг. Тэдний хувьд Хөшигтийн хөндийн Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Шангри-Ла төсөл, Оюу Толгойн гүний уурхай, Сайншандын салхин цахилгаан станцын төсөл зэрэг гадаад, дотоод томоохон төслүүдэд мэргэжлийн бетоны үйлчилгээ үзүүлж ажилласнаараа энэ салбарт нэр хүндтэй ба энэ жилээс төрөл бүрийн зориулалт бүхий бетоныг онлайнаар захиалах боломжийг нээсэн юм.
![](./assets/4qzy7aUpnU/362270634_852348132908365_7518975315964633657_n-2048x2048.jpg)
Энэ жилийн хувьд ч ахуйн бетон, газрын хөрснөөс дээш орших бетон, масс бетон, барилгын суурийн бетон, удаан эдэлгээтэй бетон, ус тусгаарлах систем гэхчлэн бетоныг төрөл бүрийн ангилалд авч үзсэн юм.
![](./assets/4leadq9FQh/363295580_852347946241717_8205436920081364968_n-2048x2047.jpg)
![](./assets/zXgW8S1uex/facebook-photo-2048x2048.jpg)
![](./assets/ZVdzrpBhQ4/ellipse-3-249x249.png)
“Бетон бол хэрэглээнээсээ шалтгаалж асар нарийн технологиор бүтдэг бүтээгдэхүүн. Тийм ч учраас зориулалтаас хамаарч стандартад бүрэн нийцсэн, хэрэгцээнээс нь хамааран мэргэжлийн байгууллагаар найрлагыг нь тохируулсан бетон ашигладаг байх нь тухайн байгууламжийн насжилт, чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.”
А.Ганболд
“Премиум Корпорэйшн”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
![](./assets/10kdeVGCU9/tog-s-producer-2024-1200x800.jpg)
![](./assets/10kdeVGCU9/tog-s-producer-2024-1200x800.jpg)
Чухамдаа бид энэ жил босгох үерийн далангуудыг зураг төсөл, хэмжилт, материалын хувьд стандартын дагуу хийж, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн бетоноор барилгын ажлыг хийхээс гадна, үерийн зурваст газар олгохгүй байх шаардлага хүчтэй үүсэж байна.
![](./assets/fS8mY2lRaE/15-4032x3024.jpg)
САНАМЖ
![](./assets/FFHxDHnKhW/17-jtgdtgmdzw-0.2-4032x3024.jpg)
Дэлхий нийтэд тулгарч буй нийт гамшгийн 41 хувийг үе, усны гамшиг дангаар эзэлж байна. Иймд бид хэзээд эрсдэлийг тооцож, болзошгүй аюулаас өөрсдийгөө болон эд хөрөнгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд, зайлшгүй мэдэх учиртай хуулийн болон ахуйн хүрээний хэдэн зүйлс бий.
![](./assets/3zz3d0if6o/7-4032x3024.jpg)
ААН-үүдийн хувьд:
1. “Гамшгаас хамгаалах хууль”-д ААН-үүд жилийн орлогынхоо 1.5-аас доошгүй хувийг гамшгийн эрсдэлд зарцуулахыг заасан байдаг.
2. Жил бүрийн дөрөвдүгээр сард багтаан үерийн хамгаалалтын барилга байгууламж оршиж буй нутаг дэвсгэрийн дүүрэг, хороодтой хамтран, үерийн хамгаалалтын зурваст их цэвэрлэгээг эзэмшигч байгууллага зохион байгуулах.
3. Үерийн хамгаалалтын хашаа, хайс барихдаа чанарын шаардлага хангасан бетоноор мэргэжлийн зураг төслийн дагуу, стандартыг мөрдөж ажиллана.
Иргэдийн хувьд:
1. Үерийн далангийн ойролцоо буухгүй байх
2. Далан, жалга зэрэг усны урсац чөлөөтэй явагдах ёстой газар хог тарихгүй байж, түүнд хяналт тавих
3. Үер буусан тохиолдолд нэн тэргүүнд ариутгал, халдваргүйжүүлэлт чухал байдаг тул сайтар буцалгасан ус хэрэглэж, гараа байнга ариутгах. Үүний дотроос гэртээ хлорын шохой гэх мэт ариутгалын бодис бэлэн байлгах
4. Хөрөнгийн даатгалд хамрагдах, хүчинтэй эсэхийг байнга шалгах
5. Нүхэн жорлонгоос татгалзах, зайлшгүй хийх бол нүхэн жорлонгийн доторлогоо тавьж ашиглах
6. Шаардлагатай бичиг баримтуудаа ус чийгийн хамгаалалттай цүнхэнд хийж хадгалах
7. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, санал хүсэлтээ идэвхтэй илэрхийлэх зэрэг багтана.
![](./assets/xfvGQwR9ss/19-3024x4032.jpg)
![](./assets/uWPIXBthwP/16-3024x4032.jpg)
2023 оны үер нийт Улаанбаатарчуудын хувьд тохиолдол биш шалгалт байв. Бид 2024 оны шалгалтдаа
БЭЛЭН ҮҮ?
![](./assets/6aOeMbxlaM/eagle.mn-2-1920x1080.jpg)
![](./assets/EWPgv6KJn0/group-26-843x98.png)
Нийтлэлч: Г.Оюунлхам
Арт Директор: Ө.Амин-Эрдэнэ
Редактор: Э.Бөртгөлжин
Креатив Директор: Ч.Шинийннэгэн
Мэдээллийн хамтрагч: ТэнГэр ТВ
Нийтлэлийн хамтрагч: Premium Corporation
Гэрэл зургийг: Тэнгэр ТВ, eagle.mn, ikon.mn, itoim.mn, unuudur.mn, zms.mn
Unread Media
2024 оны дөрөвдүгээр сарын 22