lit desk lamp on top of desk

Цонх руу ухасхийн хартал манай хотхоноос ердөө 200-аад метрийн зайтай, “Эдү апартмент”-ын барилга нэгдүгээр давхраасаа шатаж байх нь тэр. Энэ чинь одоо зүүд үү? Бодит байдал уу? хэмээн нүдэндээ ч итгэхгүй эргэлзэж байх зуур төд удалгүй ардаас нь ахиад нэг дэлбэрэлтийн чимээ.

13 давхар орон сууц хэдхэн хормын дотор бүхэлдээ галд залгиулав. Энэ байрны найман давхарт, гуравдугаар ангийн охины минь хамгийн сайн найзууд болох ихэр охин хөвгүүн гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг. Хэдхэн цагийн өмнө, охинтой маань Roblox тоглож байсан тэр хоёрын гэр бүлд юу тохиолдсон бол? Энэ айхтар галаас зугтаж амжсан болов уу? Чадсан л байгаасай.

Харамсалтай нь, тэдний орон сууцны аваарын гарц болох урд талын хаалга хавиар хүний бараа харагдахгүй л байлаа.

ТЭНГЭРТ ЛУУ ТУРГИВ

Юу хийх ёстойгоо үл ойлгож, самгардах зуураа тасралтгүй 101 рүү дуудлага хийх хооронд сүүлийн дэлбэрэлт тохиосон юм.

Эцэст нь үлгэрт л гардаг асар том луу хилэнтэй гэгч нь тургиж буй мэт тэнгэр бүхэлдээ галын дөлөөр бүрхэгдлээ.

Дэлбэрэлтийн долгионы нөлөөгөөр унтлагын өрөөний цонхны цаанаас халуун төөнөж, гэр бүхэлдээ дайвалзаж эхлэх нь тэр. Цонхоор харвал, уулзварын баруун урд талын Санни Таун хотхоны нэгдүгээр давхар яг л хэдхэн хормын өмнөхтэй адил нэгдүгээр давхраасаа шатаж буй нь тодхон харагдана.  

Via Erdenebold Sukhbaatar

Via Erdenebold Sukhbaatar

Бид аюулгүй газар хүрч, олон нийтийн сүлжээнээс бичлэг үзэх хүртлээ тэрхүү гал газнаас шалтгаалан дэгдсэн гэдгийг, сүүлийн дэлбэрэлтийн үеэр ёмкость шидэгдсэний улмаас Санни Таун хотхоны байр шатсан болохыг огтхон ч мэдээгүй тул тухайн үед “Хүчтэй салхинаас болоод гал замын нөгөө тал руу тархаж байгаа юм байна, магадгүй манай хотхон ч галын аюулд өртөх нь цаг хугацааны асуудал” хэмээн бодож, шуудхан л гэрээ орхин гарах шийдвэрт хүрсэн билээ.  

Тухайн цагаас эхлээд манай гэр бүлийнхэн болзошгүй аюулд огтхон ч бэлэн бус, тэнэгийн дотор уужуу мэт л амьдардаг болохоо алхам тутамдаа ойлгосон гэхэд хилсдэхгүй.  

Гэрээс гарах үед хөршүүд маань хэдийнээ лифтний үүдэнд цугласан байлаа. Дийлэнх нь яг л бидэнтэй адил гэрийнхээ хувцсан дээрээ өвлийн хүрмээ эгэлдэрсэн байдалтай, гэнэтийн ослоос үүдэн хар цагаан дуугүй хамтдаа цахилгаан шатаар доош буусан юм. Гэвч аюулт үзэгдлийн үеэрх хамгийн буруу шийдвэрүүдийн эхэнд цахилгаан шатаар зорчих багтдаг аж. Багахан ахиулаад бодоход л үнэхээр буруу шийдвэр гэдэг нь ойлгомжтой боловч тухайн цаг үед бидний хэний ч толгойд “Цахилгаан шат аюултай” гэх бодол төрөөгүй нь хачирхалтай.  

ОСЛЫН ГАЗАР БУЮУ  “ЭДҮ АПАРТМЕНТ”-ЫН ОРШИН СУУГЧИД ХЭРХЭН ОРОН СУУЦНААСАА ГАРАВ?  

Осол болсны маргааш өдрийн өглөө нь охины найзаас “Манай гэр шатчихсан, Гэгээ” гэх зурвас авахдаа хэдийгээр эд хөрөнгө нь бүхэлдээ шатсанд харамсаж байсан хэдий ч гэр бүлээрээ эсэн мэнд байгаад нь хэмжээлшгүй их баярлав. Хоёр ихрийн ээжээс тэдний байрны оршин суугчид хэрхэн галын үеэр барилгаас гарсан тухай лавлахад: 

“Шөнө хоёр хүүхэдтэйгээ хамт зурагт үзээд нэг л нойр хүрэхгүй сууж байсан чинь дэлбэрэлт болсон. Унтаж байсан хэдийгээ сэрээгээд л гүйгээд гарцгаасан даа. Манай байрныхны хувьд түрүүлж гэрээсээ гарсан хүмүүс дээш гүйж гаран бүх хаалгыг нэгд нэгэнгүй нүдсэн юм билээ. Уг нь манай орон сууцанд утаа мэдрэгч байдаг боловч манайх ч, бусад айлынх ч галын үеэр ажиллаагүй. Давхар болгонд байршилтай усны шахуурга нь өнгөрсөн жилээс хойш ор сураггүй алга болсныг бид СӨХ-доо удаа дараа хэлсэн боловч хэн нь ч хайхраагүй юм даг. Түүгээр ч зогсохгүй галын үеэр ашиглах учиртай урд талын гарц цоожтой байсан учраас арга буюу эрчүүд нь цонхыг нь хагалж гарсан.” гэв.

ЯГ ЮУ БОЛСОН БЭ?

Нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг цагийн орчимд Дүнжингарав худалдааны төвийн дөрвөн замын уулзварт газ агуулсан ёмкостой том оврын автомашин дэлбэрсэн осол болсон. Газ тээвэрлэж явсан автомашин нэгдүгээр эгнээнд байх дунд оврын автомашинтай мөргөлдсөнөөр газ агуулсан ёмкосьт шаталт явагдаж, гал гарсан талаар ОБЕГ-аас урьдчилсан байдлаар мэдээлсэн. Хоёр автомашин хоорондоо мөргөлдсөн ослоос хойш 10 минутын дотор гурван удаагийн хүчтэй дэлбэрэлт болж, гурав дахь дэлбэрэлтийн үеэр газ агуулсан ёмкость шидэгдэж, ОБЕГ-ын гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан.

Item 1 of 3

ХЭРГИЙН ЭЗЭН "ХИЙГ" ТАЙЛБАРЛАХ НЬ

Шатамхай хий буюу бидний хэлж заншсанаар газ гэдэг ер нь юу вэ? Бодит амьдрал дээр 60 тонн биш хэдий ч ихэнх айлд ахуйн хэрэглээний газ бий.  

Бид өдөр тутмын амьдралдаа хоёр төрлийн органик молекул суурьтай хийг өргөн ашигладаг. LNG болон LPG. LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий нь байгаль дээр бэлэн байдаг бөгөөд ихэвчлэн томоохон хотуудын дулааны мөн цахилгааны асуудлыг шийдэх зориулалттай. Харин LPG нь шингэрүүлсэн нефтийн хий. Уг хийг нефтээс гаргаж авдаг бөгөөд асаагуур, паяалник, хоолны плитка эсвэл автомашины түлш гэхчлэн жижиг савлагаатайгаар түгээмэл ашиглана. Осолдсон ачааны тэрэг уг хийнээс 60 биш 15 тонныг ачиж явжээ. 

Монголчуудын ашигладаг LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий нь LNG-тэй харьцуулахад дэлбэрэх эрсдэл харьцангуй өндөр. Гэхдээ эдийн засгийн хувьд ашигтай, бүтээмж өндөртэй, хэрэглэхэд хаялбар учраас өдөр тутмын хэрэглээнд өргөнөөр ашигладаг. Уг хийний шаталтын дараа ус болон нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Яг л бидний гаргаж буй амьсгал шиг гэсэн үг

blue and red flame on black metal frame

БҮХ ГАЗ "ТЭСРЭХ БӨМБӨГ" ҮҮ?

Бидний өргөн хэрэглэж буй энэ бүх шатамхай хийн бүтээгдэхүүн бүгдээрээ тэсрэх бөмбөг гэсэн үг үү? Хэрэв стандартыг зөрчвөл тийм. Стандартын дагуу хэрэглэвэл үгүй. Дээр дурдсанчлан, LPG нь LNG-гээ бодвол дэлбэрэх магадлал өндөр. Шалтгаан нь LNG нь агаараас хөнгөн учраас дэгдэж тархаад алга болчихдог бол LPG нь агаараас хүнд учраас доош унаад хуримтлагдаж эхэлдэг.  

Ямарваа нэгэн зүйл шатаж эхлэхийн тулд нэгт, шатамхай бодис, хоёрт, хүчилтөрөгч, гуравт, энергийн эх үүсвэр зайлшгүй байх ёстой. Үүнийг энгийнээр галын гурвалжин хэмээн нэрлэдэг. Тиймээс шатамхай бодис, хүчилтөрөгч байлаа ч энергийн эх үүсвэр (оч, гал гэх мэт) байхгүй бол дэлбэрэхгүй.

Газ бүхэн бөмбөг биш. Тэслэгч нь бид юм. 
А.Доржпалам /TenGer TV/

Эл дэлбэрэлтээс үүдэн гэртээ байгаа газаа хаях эсэхээ мэдэхгүй эргэлзэж буй аль эсвэл нэг мөсөн газны хэрэглээгээ халахаар шийдсэн хүн байгааг ч үгүйсгэхгүй. Хэрэглэгч бид л анхаарал, болгоомжтой байх аваас газ бүхэн дэлбэрэх аюултай биш юм.

Дээрх пост бол дэлбэрэлтийн дараа олон нийтийн сүлжээнд хүмүүс хоорондоо хамгийн олон удаа хуваалцсан, нөгөө талдаа 26-р хорооны ард иргэдийн сэтгэлийг багагүй түгшээсэн мэдээлэл байсан билээ. Энэхүү мэдээлэл бодитой эсэх талаар мэргэжилтнээс тодруулга авахад: 

Пропан хийний шингэнээс хийн төлөв рүү шилжих хэм нь -42 хэм. Харин шингэн төлвөөс хатуу руу -187.7 хэмд шилждэг. Хий савнаас гараад мөс болохын тулд -187.7 хэм хэрэгтэй гэсэн үг. Иймээс шатамхай хий нь усан дусал шиг төлөвт шилжих ямар ч боломжгүй юм. Осол болдог шөнө -42 хэмд хүрээгүй учраас дэлбэрэлтийн үеэр LPG хий шатаад дууссан хэмээн үзэж болно. 

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын ахлах багш, магистр С.Сийлэгмаа 

ХЭРГИЙН ЭЗЭН ХЭРХЭН ДЭЛБЭРЭВ?

Ослын үйл явц руу эргэн орцгооё. Нийтийн сүлжээнд тавигдсан энэхүү бичлэгээс харахад ослын дараа том оврын автомашины түлш алдагдаж эхэлсэн. Гэхдээ энэ нь хүнд хий учраас дэгдэж хөөрөхгүй. Хангалттай шатах, дэлбэрэх хэмжээнд очих хүртлээ газраар тархаад зарим газарт хуримтлагдана. Галын эх үүсвэр байхгүй тохиолдолд энэ хий өөрөө дэлбэрэхгүй гэсэн үг.  

Бичлэг дээрээс харахад түлшний машин өөрөө дэлбэрээгүй. Эхлээд Дүнжингарав захын урд талын барилга хавьцаа дэлбэрэлт болсон. Товчхондоо, газраар тархсан газ тамхины асаагуур эсвэл автомашины яндангаас унасан очны улмаас дэлбэрсэн байх магадлалтай. Бусад дэлбэрэлтүүдтэй харьулах ь  

Энэхүү дэлбэрэлтийг бусад томоохон дэлбэрэлтүүдтэй харьцуулж үзье.

Саяхан 218 хүний аминд хүрсэн Бейрутэд болсон дэлбэрэлтийн энерги нь 1100 тонн байв. Дэлхийн 2-р дайнд Хирошима дээр унахдаа ойролцоогоор 100 мянган хүний аминд хүрсэн атомын бөмбөг 15 мянган тонн хүчтэй байжээ. Харин манай улсад дэлбэрсэн 15 тонн шингэрүүлсэн хий ойролцоогоор 7.5 тонн дэлбэрэлтийн энерги үүсгэх боломжтой

ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ БОЛЖ БАЙСАН ДЭЛБЭРЭЛТҮҮД 

Канад: 2013 оны долоодугаар сарын 6-нд Канадад газрын тос тээвэрлэж байсан галт тэрэг замаасаа гарч дэлбэрч байв. Улмаар 5600 оршин суугчтай хотын төвд гал авалцаж, 47 хүн нас барж байсан юм.

Энэхүү хэрэг шөнийн 1 цаг 15 минутад гарсан бөгөөд 40 гаруй барилга галд шатаж, 2000 хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ. Тухайн осол хэд хэдэн аюулгүйн горим алдагдсаны улмаас болсон ба сүүлийн 100 жилд ийм том хэмжээний гал тэрэгний осол тус бүс нутагт гарч байгаагүй аж. 

Энэтхэг: 2012 онд Энэтхэгийн Каннур хотод замын тойрог дээр 16 тонн шингэрүүлсэн хийн түлш ачиж явсан ачааны автомашин замын хашлагатай шүргэлцсэний улмаас дэлбэрсэн юм. Ачааны автомашин нь гурван тасалгаа бүхий шингэрүүлсэн хийг ачиж явсан бөгөөд ойрхон зайтай гурван удаагийн дэлбэрэлт болж байжээ.

Дэлбэрэлт өдрийн цагаар болсон бөгөөд нийт 20 хүний амь үрэгдэж байсан гэдэг. Тухайн үед жолооч танк задарсан талаар нутгийн хүмүүст даруй мэдээлж, улмаар нутгийн удирдлагууд ойр хавийн тог цахилгааныг тасалсан нь хохирлын хэмжээг тогтоон барихад нөлөөлжээ.

ОХУ, Дагестан: Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын өмнөд нутгийн Бүгд Найрамдах Дагестан улсад 35 хүний аминд хүрсэн дэлбэрэлт шатахуун түгээх газарт болсон нь 2022 оноос хойших ОХУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан химийн осолд тооцогддог байна.

Тухайн үед улс орон даяар гашуудал зарлаж, хохирогдогсдын гэр бүлд 200 мянгаас 1 сая хүртэлх рублийн тусламж үзүүлж байсан аж. Дэлбэрэлт болсон шатахуун түгээх станц нь хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотод байсан бөгөөд ойролцоох автомашин засварын газарт гарсан гал тус станц руу дамжиж уг дэлбэрэлт болсон юм. 

БНХАУ: 2023 оны зургаадугаар сарын 21-нд БНХАУ-ын Ниньшя мужийн Инчуань хотод нэгэн ресторанд газ дэлбэрсний улмаас 31 хүн нас барж, 7 хүн шархадсан. Цагдаа нарын тогтоосноор дэлбэрэлт болохоос цагийн өмнө рестораны хоёр ажилтан газ агаарт дэгдэж эхэлснийг мэдсэн ба ажилчид газны танкаа шалгахад хавхлага нь хугарсан байжээ.

Тус хавхлагыг шинээр солих явцад дэлбэрэлт гарсан байна. Тухайн үед рестораны менежер болон ажилчдаас бүрдэх есөн хүнийг аюулгүй байдлын заавар зөвлөгөөг баримтлаагүй хэмээн баривчилж, хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан түүхтэй. 

Франц: 2023 оны зургаадугаар сарын 22-нд Францын нийслэл Парис хотын хувцас, загварын сургуульд газ дэлбэрч, улмаар тухайн барилга нурсан байна. Тэр үед дор хаяж 37 хүн бэртсэн бөгөөд дөрөв нь хүнд бэртэл авсан юм. Дэлбэрэлт болсны дараа нийтдээ 70 гал сөнөөх автомашин, 270 гал сөнөөгч болон цагдаа нар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт хүргэж чаджээ.  

АНХААРВАЛ ЗОХИХ СТАНДАРТУУД

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН СТАНДАРТ 

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд Онцгой байдлын аврагчдын хувцасны стандартыг танилцуулж, мэдэгдэл хийсэн. Түүний ярианаас онцлох гурван санааг багцалъя. 

  1. Манай улс ОХУ-аас хувцас, хэрэглэл худалдаж авдаг. Энэхүү +400 хэмийн халуунд тэсвэртэй, шаргал өнгийн өмсгөл нь хөвөн дотортой бөгөөд зуны улиралд дотрыг нь салгаж өмсдөг.  
  2. Амьсгалын төхөөрөмж нь баллон бүхий шахсан агаарын багтай ба ачааллаас хамаарч дунджаар 40 минут ажилладаг. 
  3. Нийт алба хаагчдын 80 орчим хувийг эдгээр хувцас, хэрэглэлээр хангасан. 

Дэлбэрэлтийн хэрэгтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрийн УОК-ийн мэдэгдэлд ОБЕГ-ын Дарга, Хошууч генерал Г.Ариунбуян “Дөрвөн алба хаагч дунд нэг хувцас хэрэглэл хэрэглэж байгаа ба үүнийг хувиар илэрхийлбэл 35-48 хувийн хүрэлцээтэй байна” хэмээн ярьсан. Гэтэл нэгдүгээр сарын 25-нд Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн Дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Бүх албан хаагчдын 80 орчим хувийг, нийслэлийн хэмжээний аврагчдын 100 хувийг стандартын хувцас хэрэглэлээр хангасан” хэмээн зөрүүтэй мэдэгдсэн юм.

Энэ жил улсын төсвөөс алба хаагчдын хувцас хэрэглэгдэхүүн, техник хангамжинд 15 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин ОБЕГ-ын Дарга, Хошууч генерал Г.Ариунбуяны хэлснээр стандартын дагуу алба хаагчдыг хувцас, хэрэглэлээр бүрэн хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай аж. Товчхондоо, хувцас, хэрэглэлд шаардлагатай дүнгээс даруй 23 дахин бага төсөв оноожээ. 

Гал сөнөөх ангиудын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөрөө дэлхийд жишиг тогтоогч Япон, Америк улсын гал сөнөөгчдийн хувцасны стандарттай танилцъя.  

via Patrick S. Ciccarone

via Patrick S. Ciccarone

ЯПОН 

Япон улсад олон удаагийн туршилтын үр дүнд, олон улсын жишигт нийцсэн ISO: 11999 стандартын дагуу гал сөнөөгчийн хувцас хэрэглэлийг бүтээдэг ба үндсэн гурван давхар хамгаалалтаас бүрддэг. 

  1. Гадна тал нь температурын өөрчлөлтөөс үл хамаарсан, галд тэсвэртэй материалтай.
  2. Чийг нэвтрүүлэх амьсгалдаг давхарга нь биеийн дулаанаас үүдэх хөлс, чийгийг гадагшлуулдаг.
  3. Adiabatic буюу халууныг арьсанд хүрэхээс хамгаалдаг, уян хатан хөдөлгөөнийг дэмжих хамгаалалтын давхарга.    

Тэдний хувьд бээлий хамгийн чухал. Бээлийг мөн л галд тэсвэртэй, шатамхай бус материалаар хийдэг.

via David McNew

via David McNew

 АНУ

АНУ-ын тухайд Үндэсний галаас хамгаалах холбоо (NFPA) нь гал унтраагчдын хамгаалалтын өмсгөлд зайлшгүй байх ёстой үндсэн гурван давхаргыг 100 жилийн өмнөөс бий болгон сайжруулсаар иржээ.   

  • Гадна талын хамгаалалтын давхарга  
  • Гадна орчны чийгээс хамгаалах давхарга  
  • Дулааныг нэвтрүүлэхгүй байх давхарга  

Гал сөнөөгчдийн хувцас нь 20 орчим кг жинтэй бөгөөд үндсэн өмсгөл, бээлий, малгай, гутал, өмд, хүрэм гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Түүнчлэн 1600 хэмийн галд тэсвэртэйн зэрэгцээ аливаа ажиллагааны дараа тусгай цэвэрлэгчээр цэвэрлэдэг аж. Хамгийн онцлууштай нь гал сөнөөгчдийн хувцсыг 3-6 жил тутам тогтмол шинжилгээнд оруулж, илүү сайжруулдаг ба 10 жил болсон хувцас хэрэглэлийг шууд устгалд оруулдаг байна.   

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ СТАНДАРТ 

Дэлбэрэлт болох үед шингэн хий тээвэрлэж явсан автомашин бол энгийн том оврын тээврийн хэрэгсэл биш. Тэсрэх бөмбөг тээвэрлэж яваа гэж хэлж болох энэ төрлийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах ёстой вэ? 

Юун түрүүнд хяналтын ажилтан. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул хохирол учруулах химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдал, тэдгээрийн ариутгаагүй сав баглаа боодол бүхий аюултай ачаа тээвэрлэлтийн явцад жолоочоос гадна тээвэрлэлтийг хариуцах хяналтын ажилтан хамт зорчих шаардлагатайг "Аюултай ачаа тээвэрлэхэд мөрдөх" Монгол Улсын стандартад заажээ. 

Том оврын ачааны автомашины сохор бүс. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн харж чаддаггүй маш том орон зайг ийнхүү нэрлэдэг бөгөөд үүнээс болон үүсэж болох аюулаас сэргийлэх арга хэмжээг жижиг оврын автомашины жолооч авах ёстойг жолооны дүрэмд тусгасан байдаг.

Эгнээ байраа зөв эзлэх. Замын хашлага дайрахгүйн тулд ачааны автомашинууд ихэнх тохиолдолд хоёрдугаар эгнээнд байраа эзэлж, дохио өгөн эргэдэг. Тиймээс нэгдүгээр эгнээнд байгаа автомашин зай барьж зогсох, эргэж буй хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой.   

БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ДУЛААЛГЫН СТАНДАРТ 

Өдгөө манай улсад хөөсөнцөр, базальт, полиуритан зэрэг олон төрлийн барилгын дулаалгын материалыг ашиглаж буй. Ялангуяа сүүлийн үед орон сууцны барилгууд хөөсөнцрийг дулаалгын материал болгон ашиглах болжээ. Хөөсөнцрийг шатах зэрэглэлээр нь Ш1, Ш2, Ш3, Ш4 хэмээн ангилах ба Монголд Ш3 зэрэглэлийн дулаалгын хөөсөнцрийг ашиглаж байна. Энэ төрлийн хөөсөнцөр нь гал дэмждэггүй буюу хайлдаг гэдгээрээ онцлогтой. 

Дэлбэрэлтийн дараах нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Галын дүгнэлтийн газрын дүгнэлт гараагүй ч Барилгын материалын технологич, инженер мэргэжилтэй, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа ийн хэлсэн юм:

Гадна талын дулаалгын материалын цайсан байдлаас харахад “Эдү Апартмент” орон сууцны барилгад хөөсөнцөр ашигласан байна. Гал дэмждэг хөөсөнцөр бол хормын зуур дээш авалцах ба дэмждэггүй тохиолдолд тодорхой түвшинд хүрээд зогсдог. Сайтар харвал “Глобал” олон улсын дунд сургууль руу гал орсон ч цааш авалцалгүй зогссон байгаа юм. Тэгэхээр эндээс хоёр барилга ялгаатай материал ашигласан байх магадлал өндөр байна.

УЛААНБААТАР ХОТЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН СТАНДАРТ 

2013 оны шинэчилсэн стандартаар шатахуун түгээх станцыг (ШТС) орон сууц болон нийтийн барилгаас 25 метр хүртэлх зайд барих ёстойг Стандарт, хэмжил зүйн газраас заасан. ТэнГэр телевизийн Дата Дуран нэвтрүүлгийн баг энэ стандарт Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа эсэх талаар судалжээ.

Доорх графикт тухайн ШТС стандартад нийцэж буй эсэхийг улаан болон ногоон өнгөөр ялган харуулж буй. Тодруулбал, ШТС-ын гол цэгээс 25 метрийн диаметртэй тойрог татахад тус тойрог дотор ямар нэгэн орон сууц, нийтийн барилга байгууламж байгаа тохиолдолд "стандарт хангаагүй" гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэсэн байна. Харин ногоон өнгөөр стандартад нийцэж байгаа станцуудыг тэмдэглэн харуулжээ. Үр дүнд нь Улаанбаатар хотын орон сууцны бүсийн ШТС-уудын 11 хувь нь стандарт хангаагүй байв. 

Уг 25 метрийн стандарт нь хатуу түлшээр галладаг гэр хорооллын айл өрхүүдэд 50 метр болж өөрчлөгдөнө. Мөн адил доорх графикаар гэр хорооллын бүсийн 35 ШТС-ын төв цэгээс 50 метрийн радиустай тойрог татаж харахад 25 нь буюу 71 хувь нь 25 метрийн стандартаар баригдаж, гэр хорооллын бүсэд заасан стандартыг хангаж чадахгүй байгаа гэх дүгнэлт гарчээ.  

Энэ долоо хоногийн дэлбэрэлтийн хамарсан хэмжээг стандартад заасан 25, 50 метрийн радиустай харьцуулан үзвэл дараах график гарч ирнэ. Хэдийгээр хүчтэй хийн дэлбэрэлт байсан ч тухайн дэлбэрэлт болсон газар ШТС байсан бол стандартад заасан 25 метр радиус хангалтгүй болохыг энэхүү график харуулж байна.  

БИД ЦААШИД ЮУНД АНХААРАХ ВЭ?

УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАХ:

2021 онд Пулицерын шагналыг хүртсэн, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “The Failures Before the Fires” бүтээл нь ажиллагаагүй галын дохиоллоо шинэчлээгүй, галын аюулгүй дүрмийн заалтуудыг удаа дараа зөрчсөн, Чикаго хотын “том толгойтой” барилгын эздийн улмаас зургаан жилийн хугацаанд нийт 140 гал түймэр гарч, 170 хүн нас барсан болохыг нарийн тогтоосон байдаг.  

Судалгаагаар утаа мэдрэгч нь гал түймрийн улмаас нас барах магадлалыг тал хувиар бууруулдаг бөгөөд оршин суугчдын хувьд жилдээ хоёр удаа зайг нь сольж, арван жил тутамд нэг удаа бүрэн шинэчилж байх ёстой аж. Гаднын улс орнуудын хувьд галын аюулгүй байдлын системийг усаар шүршин унтраах системтэй хослон ажиллуулдаг бөгөөд уг систем нь галын дөл мэдэрсэн тохиолдолд өөрөө хагарч, ус цацруулан галыг унтраах зориулалттай.  

Гал түймрийн үеэр “бэлгэ тэмдэг” болсон утаа мэдрэгч ажиллахгүй хэдий ч болзошгүй эрсдээс өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалж утаа мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.

via John Perdue

via John Perdue

ГАЛ ТҮЙМЭР ГАРВАЛ ЭДГЭЭРИЙГ АНХААР:

1. Аль болох хамгийн хурднаараа ослын газрыг орхин гарах. Ямар ч тохиолдолд галыг унтраах гэж оролдох хэрэггүй.

2. Цахилгаан шат ашиглахаас татгалзаж, явган хүний шат, ослын гарцаар доош буух

3. Хэрвээ танай орон сууцны ослын гарц хаалттай байвал нэн даруй СӨХ-доо мэдэгдэх, түүнчлэн давхруудад байрлах галын хорны ажиллагаа бүрэн бүтэн эсэхийг СӨХ-ноос баталгаажуулах

4. Боломжтой бол бээлий, ороолт, малгайгаа усаар норгон амаа таглаж, амьсгалын замын эрхтнээ хамгаалах. Ингэснээр угаартах магадлал багасна. 

5. Их утаатай нөхцөлд шатсан хорт бодис дээш чиглэх учир боломж байвал мөлхөх, дөрвөн хөллөх зэргээр аль болох шаланд ойр байх. Утаатай үед хүчилтөрөгч шал хэсэгт илүүтэй төвлөрөх ба үзэгдэх орчин ч доод хэсэгт илүү байдаг. 

6. Олны урсгалыг дагах. Хэрэв ганцаараа явж байгаа бол гараа цээжин дээрээ авч, тохойгоо бага зэрэг гадагш чиглүүлэн гараа атгаарай. Ийм байрлалтай байхад ямар нэгэн эд зүйл дарж унасан ч амьсгалах боломжтой.

7. Олны дунд явж байгаад унасан бол дарагдахгүйгээр буцаж босоход гуравхан секунд байдаг учир шалмаг байх хэрэгтэй.

8. Гэрээс гарахдаа бүх цонх, хаалгаа хааж, түймэр газар авахаас сэргийлэх

9. Боломжтой бол бүх цахилгаан хэрэгслийн цахилгааныг салгах. Онц шаардлагагүй эд зүйл цуглуулах гэж цаг алдаж болохгүй.

ГАЗ ДЭЛБЭРВЭЛ:

Энэ нөхцөлд юун түрүүнд нэг биш удаа дэлбэрэлт үүсэх магадлалтайг сана. Газны дэлбэрэлтээс үүссэн галыг шууд унтраах гэж зүтгэх хэрэггүй. Учир нь саван дотор хий үлдсэн байж болох учраас дараагийн дэлбэрэлт болох өндөр магадлалтай.

ГАМШГИЙН ҮЕИЙН ЦҮНХТЭЙ БОЛОХ:

Уг цүнхний хамгийн том ач холбогдол нь гамшгийн үеэр бодох хугацааг багасгаж, аль болох хурдтай үйлдэл хийхэд туслах юм. Гал түймэр, газар хөдлөлт гээд бүх зүйл минут, секундээр хэмжигдэх нөхцөл байдалд “Гэрээсээ юу авч гарах вэ? Бичиг баримтаа хаана хийсэн билээ?" зэрэг энгийн бодлууд үнэт цагийг хороож, амьд үлдэх боломжийг багасгах аюултай. 

Иймд дор хаяж дараах зүйлсийг багтаасан гамшгийн үеийн цүнхтэй болоорой: 

1. Хөнгөн, олон тасалгаатай, усны хамгаалалттай үүргэвч (Хүнд ачааг үүргэвчний ар тал, нуруу хэсэгт байрлуулснаар үүрэхэд хялбар байх болно) 
2. Лаазалсан хүнс, самар, шоколад гэх мэт хурдан хугацаанд эрч хүч сэлбэх хүнс 
3. Дор хаяж 3л цэвэр ус 
4. Зөөврийн цэнэг хураагуур, радио, гар чийдэн  
5. Яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл бүхий цаас (Усны хамгаалалттай хавтсанд хийх)
6. Жолооны болон иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар (Усны хамгаалалттай хавтсанд хийх)
7. Олон үйлдэлт хутга
8. N95 шүүлтүүртэй амны хаалт 
9. Шүгэл
10. Анхны тусламжийн хайрцаг 
11. Чүдэнз
12. Олс
13. Нойтон, хуурай алчуур 
14. Ажлын бээлий

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзвар дээрх дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, ОБЕГ-ын албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд эмгэнэл илэрхийлье.

Стандартгүй, эзэнгүй, өдөр хоногоо аргацаасан, алсын хараагүй олон шийдвэр энэхүү аймшигт ослын шалтгаан болж буй.

Өнөөдөр тохиосон ослын тухай маргааш нь шуураад, нөгөөдөр нь мартваас үүнтэй адил осолтой бид ирээдүйд хэчнээн удаа нүүр тулахыг хэн ч таашгүй. Тиймээс ийм үйл явдал ахин тохиохгүй байгаасай, сэргийлэх арга хэмжээг аваасай, тохиосон ч бэлтгэл сайтай байж, хохирол багатай даван туулаасай гэсэндээ энэхүү нийтлэлийг бүтээлээ.

2024 оны нэгдүгээр сарын 26

Сэтгүүлч: Д.Түшигт-Эрдэнэ