Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх "Алдалгүй сонго" цуврал контент

Залуу мэргэжилтэн та зургаадугаар сарын 28-нд болох УИХ-ын 2024 оны сонгуулиар хэнийг, аль намыг сонгохоо шийдсэн үү? Хараахан шийдэж амжаагүй байгаа бол манай редакц сонгуулийн “гэрийн даалгавраа” хийхэд тань туслахаар томоохон нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр буюу сонгогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтаас залуу мэргэжилтнүүдэд хамгийн их хамааралтайг нь түүвэрлэн хүргэж байна.

Юуны түрүүнд энэ удаагийн сонгуулийн нэгэн том онцлогийг дурдах хэрэгтэй болов уу. Энэ бол сонгуулийн холимог тогтолцоо. Энэ жил бид УИХ-д 126 гишүүн сонгоно. Тэдний 78-ыг нь өмнөх сонгуулиуд шиг буюу нэр дэвшигчдийн нэрийг дугуйлж сонгох учиртай. Тэгвэл үлдсэн 48-ыг нь хүн бүрчлэн сонгох бус, зөвхөн нэг нам, эвслийн нэрийг дугуйлах юм. Өөрөөр хэлбэл, сонгогч та хоёр саналын хуудас бөглөнө.

Эхний хэсгээс нь өөрийн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигчийг сонгоно. Илүү, эсвэл дутуу сонговол таны саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай. Энэ хэсгээс нийт 78 гишүүн сонгогдоно.

Харин хоёрдугаар хэсгээс нь зөвхөн нэг нам, эвслийг сонгох бөгөөд нам, эвслүүд улсын хэмжээнд авсан нийт саналын тоогоороо УИХ-ын 48 гишүүний суудлыг хуваан авах юм.

Энэхүү холимог тогтолцооны нэг онцлог нь жагсаалт буюу нам, эвслийнхээ нэр дээр сонгогдох нэр дэвшигчид. Жагсаалтаас сонгогдсон тэдгээр 48 гишүүн аль нэг тойргийг бус, Монгол Улсыг тэр чигт нь төлөөлнө. Ингэж төлөөлөх үедээ сонгуулийн үеэр танилцуулсан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу хууль санаачилж, бодлого боловсруулж ажиллах учиртай.

Иймд сонгогч бид нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, улс орондоо бий болгохыг хүссэн өөрчлөлтийг бүтээх зорилготой нам, эвслийг сонгох хэрэгтэй юм.

Залуу мэргэжилтэн таны завгүй амьдралд нийцүүлэн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх "Алдалгүй сонго" цуврал нийтлэлийн эхний дугаартаа Ардчилсан намын зорилт, залуу нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөрөөс онцлох 24 заалтыг танилцуулъя.

Ардчилсан нам өөрсдийгөө “Хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам” хэмээн тодорхойлж буй.

Тус нам энэ удаагийн сонгуульд “Алдагдсан 8 жилийн алдааг засна” уриатай оролцож байгаа юм. Тэд алдагдсан 8 жилийн алдааг засахын тулд "Бүтэн Монгол, бүрэн ардчилал” аяныг улс орон даяар зохион байгуулж, 900 заалт, 90 ажил, 9 зорилт бүхий “9+90+900” Эрчимт хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулжээ.


Энэхүү төлөвлөгөөний суурь болох 9 зорилтыг дараах байдлаар тодорхойлжээ.

Ардчилсан нам өнгөрсөн 8 жилийн хугацааг дараах шалтгаануудын улмаас "алдагдсан" гэж дүгнэж буй:

  1. Эдийн засаг томорсон гэх ч иргэдийн орлого, худалдан авах чадвар нэмэгдээгүй;
  2. Валютын нөөц нэмэгдсэн гэх боловч төгрөгийн ханш суларсан;
  3. Монгол Улсын иргэн бүр 33.0 сая төгрөгийн өртэй болсон;
  4. Туг хийсгэж, тууз хайчлаад томоохон бүтээн байгуулалт ганцыг ч хийгээгүй. Дарханы замыг дуусгаж чадаагүй;
  5. Цахилгааны доголдол, шатахууны хомсдол тогтмол бий болж, эрчим хүчний асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх болсон;
  6. Авлигын индексээр 180 улсаас 121 дүгээрт бичигдэж, 2015 оноос хойш 49 байраар ухарсан;
  7. Монголчуудын 28.8 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 21.4 хувь нь ядуурлын шугамд ойр амьдрах болсон. Хүн амын талаас илүү хувь нь ядууралд өртсөн улс болж, дампуурлын ирмэгт тулсан;
  8. Цар тахлын улмаас боловсролын хоцрогдол газар авч, энэ үзүүлэлтээр мөн л дэлхийд сүүл мушгих болсон;
  9. Шударга шүүмжлэл хэлсэн хүн бүрийг баривчилж, хорьдог болсон;
  10. Агаарын бохирдлын улмаас хорт хавдрын шалтгаант нас баралт эрс нэмэгдсэн.

...Ардчилсан нам улс орон орших, эс оршихын дэнсэн дээр ирсэн эгзэгтэй цагт ард түмэнтэйгээ амь нэгтэй байж, эдийн засгаа сэргээж, хөгжилд хөтлөх “9+90+900” Эрчимт хөгжлийн төлөвлөгөөгөө боловсрууллаа.

Бид нүд хуурч, сэтгэл хөдөлгөн санал авах хий хоосон амлалт өгөхгүй. Эрчимт хөгжлийн 9 зорилтоо тодорхойлж, заавал хийх 90 ажлынхаа төлөвлөгөөг боловсруулсан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг тогтворжиж, ард түмний амьжиргаа дээшилж, алдагдсан 8 жилийн алдааг засна.

Бизнес, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлж, эгэл ард, хэн ч гэсэн амь амьдралаа өөд нь татах боломж, эрх чөлөөг өгөх болно. Ард түмэн төрдөө хяналт тавьж, үзэл бодлоо илэрхийлж, өөрийн хүсэлтээр амьдрах язгуур эрхийг нь буцаан олгоно.

Сайн цаг айсуй.

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр

Сонирхуулахад, энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 126 нэр дэвшигчээ илгээсэн бөгөөд залуусын төлөөлөл цөөнгүй багтжээ.

С.Цэнгүүн

Энэ жилийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигчдийн нэг, АН-ын Нарийн бичгийн дарга тэрбээр 27 настай бөгөөд тус намын жагсаалтын 4-т бичигдэж байна.

Ч.Лодойсамбуу

"Улаан бал" нэвтрүүлгээрээ олонд танигдсан тэрбээр АНУ-д мэргэжил дээшлүүлж ирээд улс төрийн карьераа эхлүүлж, энэ жилийн сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж байна.

Э.Сүндарь

АНУ-ын Стэнфордын их сургуульд магистр хамгаалаад эх орондоо ирэн улс төрд хөл тавьж буй тэрбээр тус намын жагсаалтын 46-д бичигдэж байна.

Н.Амаржин

"Universal" сургалтын төвийг үүсгэн байгуулагч, Монголд standup comedy-г нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж байна.

ОНЦЛОХ 24 ЗААЛТ

НЭГ. БҮТЭН МОНГОЛ

1. Гадаад улсад амьдардаг монголчуудыг ипотекийн зээлд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

ХОЁР. ӨМЧТЭЙ МОНГОЛ

2. Олон нийтийн сүлжээнд иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоохгүй байх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

ГУРАВ. БҮТЭЭЛЧ МОНГОЛ

3. Шуудангийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, хүргэлтийн системийг сайжруулан шуудан түгээлтийг 3 дахин нэмэгдүүлнэ.

ДӨРӨВ. СЭРСЭН МОНГОЛ

4. Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улс дахь одоогийн байрыг 20-иор урагшлуулна.

5. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, R&D чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, ДНБ-ий 1.0 хувийг судалгаанд зарцуулдаг болно.

6. Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ.

7. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна.

8. Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна.

ТАВ. ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ

9. ДНБ-ий 2024-2028 оны жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ.

10. Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.

11. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.

12. Ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар сард төлөх хэмжээг багасгах нөхцөлийг бүрдүүлнэ.

13. Орон нутгийн авто замын сүлжээний хүрээнд нийт 3,000 км авто замыг шинээр барина.

14. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно.

ЗУРГАА. ТӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ

15. Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн хотхоны бүтэцтэй болгох ажлыг төрөөс дэмжиж, төвлөрлийг бууруулна.

16. Хотын төвд 5-6 давхар машины зогсоолууд байгуулах ажлыг дэмжинэ.

17. Яармагийн 3 дугаар буудлаас дүүрэг хүртэл цахилгаан галт тэргээр үйлчилж, түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

18. “Толгойт” өртөөнөөс “Амгалан” өртөө хүртэл өдөр тутмын зорчигч тээврийн трамвай явуулж, холбогдох дэд бүтцийн шугамын ажлыг хийж гүйцэтгэнэ.

19. Яндан, нүхэн жорлонг 20-иос доошгүй хувиар бууруулах төсөл хэрэгжүүлнэ.

ДОЛОО. ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ МОНГОЛ

20. Төрийн албаны удирдах албан тушаалтны тоог бууруулж, дарга нарын тансаглалыг таслан зогсооно.

21. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, огцруулах, чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг тодорхой болгоно.

НАЙМ. ШУДАРГА МОНГОЛ

22. Иргэд сайн дураар эрхээ шаардан жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдсэнээр жагсаал, цуглаан хийх эрхийг нээлттэй болгон хуульчилна.

23. Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог болно.

ЕС. ДЭЛХИЙН МОНГОЛ

24. Ойн тэлэн ургалтыг дэмжих, ойжуулах, нөхөн сэргээх зэрэг ой хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар ойн хомсдолоос сэргийлнэ. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.

Энэхүү нийтлэлийг Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллагатай хамтран бүтээв.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.