Уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсож буй уламжлалт мал аж ахуй

Өнгөрсөн жилийн зуны эхэн сар буюу нар буцахын өмнөх өдөр нийслэл хотод цас бударч, цахим ертөнцөд цастай холбоотой хөгжилтэй стори, постууд тасралтгүй хөвөрснийг та санаж байгаа нь лавтай. Харин тэрхүү цаг агаарын онцгой үзэгдэл уур амьсгалын өөрчлөлтийн тусгал мөн үү? 

“Уур амьсгалын өөрчлөлт” гэх үгийг бид сүүлийн жилүүдэд улиг болтлоо сонсож байгаа гэхэд хилсдэхгүй. Гэвч хотын бидний чихэнд харь, хөндий сонсогдох энэ үгийн цаадах нөлөөг хамгийн хүндээр мэдэрч буй хүмүүс бол малчид. Өнгөрсөн жилийн өвөл гэхэд сүүлийн 50 жилийн хамгийн их цастай, хамгийн их хохирол дагуулсан зуд тохиож, улс даяар нийтдээ 13 сая мал хорогдсон. Энэхүү тооны цаана хот нь харлаж үлдсэн хэдэн мянган малчин байгааг төсөөлөхөд бэрх. 

Улаанбаатар хот, 2024.06.21-ийн өдөр

Улаанбаатар хот, 2024.06.21-ийн өдөр

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нэгэнтээ “Цэнхэр гаргийн уур амьсгалыг эргэн хэзээ ч сэргээх боломжгүй цэг рүү бид ойртсоор байна. Бид өөрсдийгөө тоормосон дээр нь тултал гишгээд уур амьсгалын тамд хүрэх хурдны замаар давхиж яваа нэгэнтэй зүйрлэхэд буруудах зүйл алга” хэмээн COP27 хурлын индэр дээрээс хэлсэн удаатай. 

Тэгвэл энэ цаг үед малчид маань уламжлалт нүүдлийн аж ахуйгаа хэрхэн хадгалж үлдэх, энэ өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэргийлэх боломж бий эсэх талаар “Unread Special"-ийн ээлжит тусгай дугаартаа хариулт эрэхийг зорилоо.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын сүүлчээр би гэр бүлийнхээ хамт аавынхаа төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Богд сум руу хөлгийн жолоо залсан юм. Говь, хээр, уул, толгод, элсэн манхан ээлжилсэн байгалийн олон өнгө нэгэн цэгт огтлолцсон энэ нутаг тэмээний тоогоороо аймагтаа толгой цохидог төдийгүй говьтой хил залгадаг тул гуравдугаар сарын эх гэхэд л дан дээлтэйгээ гүйж болмоор дулаахан уур амьсгалтай.

Гэвч энэ удаа зам биднийг өгөөмөр угтсангүй. Аймгийн төвөөс хөдлөхтэй зэрэгцэн цасан шуурга нүүр нүдгүй шуурсан бөгөөд зам дагуу өвдөг давсан цас цав цагаан далай мэт тэлэн харагдана. Том авгынхаа өвөлжөөнд хүрэх замд хашаа хороо бүрд үхсэн малын сэг зэм овоорон, энэ нутгийн тэвчээрийг шалгасан хүндхэн өвлийн дүр зургийг харуулна.

Мянгат малчин ах маань бусдаас харьцангуй бага хохирол амссан ч өвөлжин буусан их цаснаас болж хэдэн ингэ нь тэнхээгүйдэж, сүүлийн сар гаран сааль зогссон тул хар цайтай л өдөр хоногийг өнгөрөөж буйгаа хуучлав.


Тэрчлэн “Хэдэн хонио бэлчээрт гаргахад хотноосоо холдож ч амжилгүй газар дээрээ хэвтчихнэ. Хөдөлгөхгүй бол хөлдөж үхэх аюултай тул арга буюу сүүлийн сар гаран бэлчээрт гаргахаа больж, дан хивгээр тэжээж байна даа” хэмээсэн юм. Өвлийн цаснаас амсхийж амжаагүй байтал хаврын шороон шуурга босож, араас нь мал төллөлтийн ачаалал нэмэгдэн, хором ч амсхийх завгүй өдрүүд ар араасаа хөврөх нь тодорхой.

Энэ бүхнийг дуугүйхэн туулж яваа авга маань угаас нүүдэлчний аж амьдралаа хайрлаж, хэдэн тэмээгээ нандигнадаг нэгэн. Гэвч байгаль, цаг уурын сорилт түүнийг хүчин мөхөсдүүлжээ. Ганц малчин айлын хэр чадлаас давсан энэ их сорилтуудын улмаас сүүлийн жилүүдэд хот хүрээ бараадах тухай бодлогоширч буй тухайгаа ч аминчхан хуваалцсан билээ.

Авгын түүх өнгөрөгч зуднаар гэр нь хунгар цасанд дарагдаагүй малчин айлын жишээ. Харин үүний цаана түүнээс хэд дахин илүү хүндрэлийг туулсан хэчнээн мянган малчин байгаа бол?

13 САЯ МАЛЫГ АВЧ ОДСОН МОДОН ЛУУ ЖИЛИЙН ХИЛЭН

Өнгөрөгч оны зуд сүүлийн 50 жилийн хамгийн их цастай өвөл болон бүртгэгдсэнийг та мэдэх үү? Тухайн үед буюу 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн их хэмжээний цас орж, бүрэн хайлаагүй байхад дахин давтагдсаар хоёрдугаар сарын сүүлч гэхэд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байдаг.

Зарим нутгаар цасны зузаан 100 см хүрч, өвөлжилт эрс хүндэрсэн. Мөн арваннэгдүгээр сараас хойш хур тунадасны хэмжээ 9.6 мм-д хүрсэн нь олон жилийн дунджаас 1.6 дахин их бөгөөд энэ нь сүүлийн 50 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний цас орсон тохиолдол болохыг цаг уурын мэргэжилтнүүд онцолж байв.

Энэхүү байгалийн гамшгаас үүдэн улсын хэмжээнд 2023 онд 4.9 сая, 2024 онд 8.1 сая, нийтдээ 13 сая мал хорогджээ. Сүхбаатар аймагт хамгийн их хохирол учирсан бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт малынхаа 59.6 хувийг алдаад буй. 2024 онд тус аймгийн малчин өрхийн 52.8 хувь нь малынхаа 50 ба түүнээс дээш хувийг алдсан гэх сэтгэл эмзэглэм мэдээлэл бий.

Сүүлийн 20 жилийн он дарааллаар авч үзвэл 2023-2024 оны зуд нь 2010 оны аюулт зудын дараа орох гамшиг болсон бөгөөд нийт хохирол, алдагдлын хэмжээ нь 2023 оны ДНБ-ий 2.17%, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 16.64%, 2024 оны ДНБ-ий 3.15%, харин хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 30.9%-тай тус тус тэнцэж байна.

ДЭЛХИЙ ХОЁР ХЭМ ДУЛААРВАЛ ЗУД 20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Бидний санаагаа чилээх учиртай тоо баримт үүгээр дуусахгүй. Йелийн Хүрээлэн буй орчны сургуулиас эрхлэн гаргасан тайланд дурдсанаар Арктик буюу туйлын бүс дэлхийн дунджаас дөрөв дахин хурдан дулаарч байгаа үзэгдэл нь зөвхөн туйлын мөсийг хайлуулах бус дэлхий даяарх агаар мандлын урсгалд гүнзгий нөлөө үзүүлж байгаа аж. Үүний үр дүнд хүйтэн туйлын агаар өмнө зүгт нэвтэрч, Монгол зэрэг бүс нутгуудад хэт хүйтэн уур амьсгалыг авчрах сөрөг үр дагавартай.

Үүнтэй холбоотойгоор малчдын хамгийн их айдаг “зуд” улам ойр ойрхон тохиолдох болсон нь судалгаагаар ч батлагджээ. Зуд гэдэг зөвхөн их цас эсвэл хүйтэн гэлтгүй, зун нь ган гачиг болсны дараа өвөл нь малын бэлчээрийг хучсан цас, хүйтэн, салхи зэрэг олон хүчин зүйлийн хослолоос үүсдэг ноцтой байгалийн гамшиг.

2020 онд Royal Meteorological Society-ийн International Journal of Climatology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, 2000-2016 оны хооронд Монголд хэт хүйтний давтамж 1981-1999 оныг бодвол 28%-иар өссөн нь тогтоогджээ. Энэхүү судалгаа нь Монгол даяарх цаг уурын станцын өгөгдөлд үндэслэн, агаарын хэм болон хур тундасны хандлагыг нарийвчлан шинжилсэн байдаг.

Цаашид дэлхийн дундаж температур хоёр хэмээр нэмэгдсэн тохиолдолд зудын давтамж 2080 он гэхэд дахин 20%-иар нэмэгдэх эрсдэлтэйг Йелийн тайланд анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, “Хангай говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар”
хэмээн их зохиолчийн бахархалтайгаар шүлэглэсэн нүүдэлчин амьдралын хэв маяг, байгаль-экологийн нарийн тэнцвэрт тогтолцоо өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн бодит сорилттой нүүр тулж байна.

УЧИР ЮУНД БАЙНА ВЭ?

Товчхондоо, эх дэлхий маань шатаж байна. 2024 онд дэлхийн газрын болон далайн гадаргын дундаж температур 20-р зууны дундажтай харьцуулахад 1.29 градусаар нэмэгдэж, NOAA-ийн 1850-2024 оны уур амьсгалын тайланд бүртгэгдсэн бүх жилийн дундаас хамгийн халуун жил-ээр тэмдэглэгдэв.

2024 он нь өмнөх амжилтыг эзэмшиж байсан 2023 оноос 0.1 градусаар илүү халуун байж. Бүс нутгаар нь авч үзвэл, Африк, Европ, Хойд Америк, Номхон далайн орнууд болон Өмнөд Америк бүгд түүхэндээ хамгийн халуун зунтай нүүр тулжээ. Мөн сүүлийн арван жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт хэр хурдацтай явагдаж буйг тодорхой харуулах нэг үзүүлэлт бол 1850 оноос хойших хамгийн халуун арван жил бүгдээрээ зөвхөн сүүлийн арван жилд тохиосон явдал юм.

Уур амьсгал судлаач доктор Зеке Хаусфатерын хэлснээр сүүлийн 50 жилийн хугацаанд тохиолдсон дулааралд 100 хувь хүний ​үйл ажиллагаа ​буруутай хэмээн тооцоолсон нь тийм ч дэгсдүүлсэн тооцоолол биш.

Хэрэв нарны тусгал, галт уулын идэвхжил зэрэг байгалийн хүчин зүйлс буюу “байгалийн жамаараа” дэлхий халж байсан бол энэ хугацаанд дэлхий бага ч болов хөрөх байсан шүү дээ. Товчхондоо цаг агаар хэлбэлзэж байгаа хэдий ч урт хугацаандаа дэлхий эргэлзээгүй дулаарч байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МОНГОЛД

​2023 оны байдлаар дэлхийн хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын 62.7% (БНХАУ 35%, АНУ 12%, Энэтхэг 7%, Европын Холбоо 7%, ОХУ 5%​)-ийг таван улс дангаараа эзэлж байгаа юм. ​Гэтэл Монгол Улс хүлэмжийн хийн ердөө 0.1%-ийг бүрдүүлж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөх хохирлыг тооцох хэмжүүрээр 181 орноос 67-д эрэмбэлэгдэж буй.

Угаас нийт нутаг дэвсгэрийнх нь 41% говь, цөлийн бүсэд хамаарагддаг манай улсын газар нутаг бэлчээрийн даац хэтрэлт, хүний оролцооноос үүдэн маш богино хугацаанд 30 сая гаруй га нь цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд багтаад байгаа юм.

ХӨРСНИЙ ДОРОЙТОЛ, ЦӨЛЖИЛТ, БЭЛЧЭЭРИЙН ХАРИЛЦАН ХАМААРАЛ

Цөл, цөлжилт гэхээр алсын Африк, Сахарын цөлийг дүрсэлж ойлгодог байсан цаг саяхан. Гэтэл малын бэлчээр доройтож, цөлжилтийн аюул нүүрлэж байгааг бид Улаанбаатараас холгүйхэн, Төв аймгийн нутаг дэвсгэр дэх өргөн хөндийгөөс тод томруунаар харж байна. Чухам яагаад манай улсын газар нутаг ингэж доройтож цөлжих болов?

Өнөөдрийн байдлаар Монголын газар нутгийн 65% нь хөрсний доройтолд өртөөд байгаагийн дээр шаардлагатай арга хэмжээ авахгүй бол 2080 он гэхэд нийт газар нутгийн 92 хувь нь цөлжих төлөвтэй байгаа мэдээг юун түрүүнд дуулгая. Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай гаргасан мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн байгаа тухай онцолжээ.

Бэлчээрийн даац хэтрэлт, талхлагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж ихсэх, цөлжилт нүүрлэхийн үндсэн шалтгаан. Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай. Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээр, ургамалд ч мөн адил хамаатай.

БИД ҮҮНИЙГ ТОЙРОН ГАРЧ ЧАДАХ УУ?

Судлаачдын анхааруулснаар, одоогийн нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд дотоодын мал аж ахуйн салбарт ноцтой аюул нүүрлэж, малын зүй бус хорогдол 9.4%-д хүрэх тооцоо бий. Энэ нь зөвхөн малын тоо толгой буурах төдийгүй мал сүргийн жин багасаж, улмаар давжаарах, мөн гадаргын усны эх үүсвэр хумигдаж, малын усан хангамж эрс муудах зэрэг олон хүндрэлийг араасаа дагуулна.


Эрт үеэс эхлэн өрнөдийн улсуудаас ялгарах нүүдэлчин монголчуудын гол онцлог бол байгаль, мал хоёртоо дасан зохицож, цагийн аясаар нүүдэллэж амьдрахдаа бие даасан шийдвэр гаргах уламжлал. Харин энэ уламжлал өнөөгийн уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт, байгалийн гамшгийн өмнө сул тал болж хувираад буй. Нэг уулын ар, өвөрт малаа бэлчээдэг хоёр малчны хувьд асуудлыг хамтран шийдэх нь тун ховор бөгөөд цаг хэцүүдэх үед нутгаа орхин нүүх нь илүү хялбар сонголт байсан мэт.

Гэвч орчин цагт тулгарч буй сорилтууд дан ганц малчин өрхийн хүч, боломжийг хэдийн давсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулахын тулд бид зайлшгүй нэгдэж, хамтдаа шийдэл эрэлхийлэхээс өөр зам үгүй. Товчхондоо, бид энэ аюулыг өвөр зуураа хичээгээд тойрч гарна гэдэг бараг л боломжгүй гэсэн үг. Төр, хувийн хэвшил, малчид гээд олон талууд хүчээ нэгтгэн ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулж байж л урт хугацааны үр дүнд хүрч чадахыг ахин дахин санууштай.

БИДНИЙ ГЭРИЙН ДААЛГАВАР ЮУ ВЭ?

Уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөө болох ган, зудын хор уршгийн улмаас малчдын мал аж ахуй сүйдэж, үүний ард өрхийн санхүүгийн байдал огцом буурч, эд хөрөнгийн эвдрэл, хохирол амсаж байгааг бид бэлхнээ харж буй. Харамсалтай нь, байгалийн аюултай үзэгдэлийн эсрэг ганцаар тэмцэх нь яг л Дон Кихот зохиол дээр гардагчлан салхин тээрэмтэй байлдах адил биелэгдэшгүй даалгавар гэлтэй.

Тэгвэл энэхүү нөхцөл байдалд гарц олох үүднээс 2021 оноос эхлэн ногоон санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын ХөгжлийнХөтөлбөр нар хамтран "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ)төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн гол зорилго нь байгалийн нөөцөөс шууд хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх явдал бөгөөд нийтдээ долоон жилийн хугацаанд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжиж байна.

Төслийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар усны менежментийн арга хэмжээг өргөн хүрээнд нэвтрүүлж, байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх явдал. Энэ хүрээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн байгууллагуудыг чадавхжуулахын зэрэгцээ ой, бэлчээр, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах ажлуудыг төслийн үр шим хүртэгч малчид хоршоод болон орон нутгийн институттэй хамтран, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах юм.

• Усны эх бүрэлдэх, голын эх татам дагуу татмын ойжуулалт, татмын ойн нөхөн сэргээлт хийх

• Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй амьжиргааны тогтворгүй байдлыг бууруулах зорилгоор хадлан тэжээлийн нөөц газар байгуулах, бэлчээр сэлгэлт хийлгэх, малын хөлийн бууцанд тэжээл тариулах, гар аргаар малын тэжээл бэлтгэх сургалт хийх,онцгой үед ашиглах өвс тэжээлийн агуулах барьж байгуулах

• Усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх мөн бохирдлоос сэргийлэх зорилгоор хатаж хуурайшсан булаг шандыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хайлж буй мөнх цас мөсөн голын усыг хуримтлуулж хөв цөөрөм байгуулах, усны хүртээмжийг сайжруулах, ашиглагдахгүй байгаа бэлчээрийг эргэлтэд оруулах зорилгоор шинээр худаг гаргах, засварлах ажлуудыг зохион байгуулж байна.

ТАТМЫН ОЙЖУУЛАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

Татмын ойжуулалтыг хялбархнаар тайлбарлаваас голын татам дагуу унаган модыг тарьж ургуулахыг хэлнэ. Үр дүнд нь голын сав газар, голдирол болон усны эргэн тойрны экосистемийг сайжрах давуу талтай.

Эхний эерэг нөлөө нь, хөрсний чийг хадгалах чадвар сайжрах явдал. Татмын бүсэд мод, бут сөөг тарьснаар хөрсний ууршилтыг бууруулж, эргийн дагуух хөрс усаа илүү сайн барьдаг болдог. Жишээлбэл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) судалгаагаар татмын ойжуулалт хийсэн газруудад хөрсний чийгийн агууламж 20–30%-иар нэмэгдсэн нь тогтоогдсон байна. Хөрсний чийг нэмэгдэх нь бэлчээрийн өвс ургамлын өсөлтийг дэмжиж, ургамлын төрөл зүйлийн олон янз байдлыг сэргээх цаашлаад цэвдгийн хайлалт багасаж, усны эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой.

Хоёрдугаарт, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалдаг. Голын урсац ихтэй үед эрэг орчмын хөрс амархан элэгдэж, үржил шимээ алдаж, бэлчээрийн чанар мууддаг. Харин эрэг дагуу мод, бут сөөг тарьснаар хөрсний бүтцийг бэхжүүлж, элэгдлийг 60%-иар бууруулдаг болохыг Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP) онцолсон байдаг. Элэгдэл багассанаар хөрсөнд шим тэжээл хадгалагдаж, өвс ургамал илүү тэсвэртэй, үр өгөөжтэй болно.

Гуравдугаарт, уур амьсгалын тэсвэртэй экосистем бүрдүүлэхэд тусалдаг. Австралийн Муррей-Дарлингийн сав газарт хийсэн туршилтаар татмын ой сэргээсний дараах таван жилийн дотор тухайн бүсийн ургамлын нягтрал 28%-иар нэмэгдэж, бэлчээрийн үр ашиг мэдэгдэхүйц дээшилсэн аж.

Монгол орны хувьд татмын ойжуулалт болон бэлчээрийн доройтлын харилцан уялдаа маш мэдрэг байдалтай гэнэ. Тухайлбал, Төв Азийн Ногоон Алт, Бэлчээрийн Түншлэл (Green Gold and Pasture Project)-ийн тайланд голын татмын бүсэд мод, бут сөөгийг сэргээх нь тухайн бүсийн бэлчээрийн даацыг 10–20%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ нь малчдад илүү тогтвортой бэлчээр ашиглах нөхцөл бүрдүүлж, малын амьдрах нөхцөлийг сайжруулж байгаа хэрэг юм.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь татмын ойжуулалт

“Өнөө хавраас Адапт төслийн хамт олон манай суманд ирж, Хэрлэн голын эрэг дээр бургас тарьсан. Төслийн хүрээнд улаан бургас гэдэг ховор ургамлыг мөн тарьсан.
Хэрэв улаан бургаснууд маань ургачихвал байгальд маш их хэрэгтэй. Энэ бургас эхэндээ 20-30 см орчим ургаж байсан бол одоо 40-50 см болтлоо ургаад байна. Урьд нь энэ газар тал, бургасгүй байсан бол одоо хялгана зэрэг сайхан өвс ургаад, хадлан авах боломж хүртэл бүрдсэн гээч.”
А.Энхбат, Түмэнцогт сумын малчин

Ховд аймгийн Үенч сум дахь татмын ойжуулалт

“Манай сумын Жаргалангийн голд татмын ой байсан юм. Гэхдээ яаж ч ургасан мал идчихээд байсан тул ургах боломж нь бүрддэггүй байлаа. Жилийн турш метр орчим ургалаа гэхэд намар, өвөл нь тэмээ мал идээд, тэр ургасан зүйл нь буцаад хожуул болохоор ургах нөхцөл үүсдэггүй байсан.

Тиймээс Адапт төслийн багт бид саналаа хүргэж, уг газрыг тороор хашиж хамгаалахаар шийдсэн. Тэрнээс хойш татмын бургас их сайхан ургаж, хамгийн өндөр нь л гэхэд 3 метрийг даваад явж байна. "Мод дагаж ус, ус дагаж амьдрал" гэж сайхан үг бий. Энэ ажил хийгдсэнээр булаг шандны гарц хүртэл нэмэгдсэн шүү.”
Наст эрхэм, Ховд аймгийн БОАЖГ-ийн Үенч сум хариуцсан байгаль хамгаалагч

2025 оны байдлаар төслийн хүрээнд нийтдээ дөрвөн аймагт 1604 га талбайд татмын ойжуулалт хийж, нийтдээ 1,283,200 ширхэг мод тарьжээ. Өөрөөр хэлбэл, 2100 ширхэг хөлбөмбөгийн талбайг эгнүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар нутгийг байгаль орчныхамгаалалтад оруулж, энэ бүс нутагт экологийн тогтвортой байдлыг хангах, байгалийн олон төрөл зүйлийг дэмжиж буй гэсэн үг.

Мөн газар нутгийн үржил шимийг сайжруулж, хадлан авахад тохиромжтой, үр ашигтай орчинг бүрдүүлж байгааг ч мартаж болохгүй. 

Төслийн бусад үр дүнгээс нарийвчлан хуваалцваас:

ДОРНОД АЙМАГ

154 га талбайд татмын ойжуулалт хийж 82,400 мод тарижээ. Мөн 3 бага оврын өвс тэжээлийн агуулах барьж, 4519 га талбайд бэлчээр сэлгэлтийн ажил зохион байгуулсан юм.

13 булгийн эхийг хашиж хамгаалж, 23 гүний өрмийн худаг барьж байгуулсан.

ХОВД АЙМАГ

696 га талбайд татмын ойжуулалт хийж, 420 мянган мод тарижээ. Мөн 15 өвс тэжээлийн агуулах шинээр барьж, засварласан.

13 булгийн эхийг хашиж хамгаалж, 18 инженерийн хийцтэй гүний өрмийн худаг барьж байгуулсан. Тэрчлэн 210 га хадлан тэжээлийн нөөц газар байгуулж, 4519 га талбайд бэлчээр сэлгэлтийн ажил зохион байгуулсан юм.

СҮХБААТАР АЙМАГ

238 га талбайд татмын ойжуулалт хийж 148,400 мод тарьсны сацуу 13 булгийн эхийг хашиж хамгаалах ажил хийгдсэн. Мөн 476 га хадлан тэжээл нөөц газар байгуулж , 7397 га талбайд бэлчээр сэлгэлт хийх ажлыг зохион байгуулсан юм.

15 инженерийн хийцтэй гүний өрмийн худаг барьж байгуулсан бөгөөд нийт 15 өвс тэжээлийн агуулах шинээр барих, засварлах ажлыг хийжээ.

ЗАВХАН АЙМАГ

412 га талбайд татмын ойжуулалт хийж 240,000 мод тарьж, 13 булгийн эхийг хашиж хамгаалах ажил хийгдсэн. Мөн 418 га хадлан тэжээл нөөц газар байгуулж , 3347 га талбайд бэлчээр сэлгэлт хийх ажлыг зохион байгуулсан юм.

21 инженерийн хийцтэй гүний өрмийн худаг барьж байгуулсан бөгөөд 13 өвс тэжээлийн агуулах шинээр барих, засварлах ажил хийгдсэн. 

Эцэст нь, уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшиг, мал аж ахуйн салбарын сорилтууд Монголын хүрээлэн буй орчин, малчдын амьдралд хүнд дарамт учруулаад хэдийн эхэлжээ.

Харин татмын ойжуулалт болон дээр дурдсан бусад байгаль хамгаалах санаачилга нь эдгээр бэрхшээлийг даван туулах, байгаль орчны тэнцвэрийг хадгалах, малчдын амьжиргааг тогтвортой дэмжих үр дүнтэй шийдэл болох боломжтой юм.

Эрүүл хүрээлэн буй орчин ирээдүйдээ үлдээх бидний цорын ганц өв гэдэгтэй та санал нийлэх нь лавтай. Тиймээс бид айлд ирсэн гийчин мэт хүнийрхэх сэтгэлгүйгээр хамтдаа нэгдэн нийлж, байгалийн нөөцийн менежментийг зөв, үр дүнтэй хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Зохиолч, байгаль орчны сэтгүүлч, кино продюсер Мохит Агадигийн “Байгаль бол хэний ч сүйтгэж болох хувийн өмч биш. Харин түүнийг хайрлаж хамгаалах нь эсрэгээрээ хүн бүрийн үүрэх ёстой хариуцлага.” хэмээх үгээр нийтлэлээ жаргаая.

Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд бүтээв.

Нийтлэлч: Э.Бөртгөлжин

Гэрэл зургийг: Б.Анарбаяр

Зудтай холбоотой зургийн эх сурвалж: gogo.mn, The Telegraph, monsame.mn, Sustainable Fibre Alliance

Unread Media
2025 оны дөрөвдүгээр сарын 28