Алтан Жолоо Тауэр
Байгууллагын нэр: Алтан Жолоо Групп
Байгуулагдсан он: 1992
Үйл ажиллагааны чиглэл: Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ
Ажилтны тоо: 2000+
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Алтан Жолоо Тауэр
Цахим хаяг: https://www.altanjoloo.mn/
Сошиал хуудас: Facebook, Instagram
Unread-ийн брэнд контентуудын нэг "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт зургаа дахь жилдээ уншигч та бүхэндээ хүрч байна.
Бид ажлаасаа зөвхөн санхүүгийн үр ашиг бус утга учир, хамт олон, хийж бүтээсэн мэдрэмж авахыг хүсдэг. Тиймээс ч хүмүүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон ажил гэх зүйл бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг билээ. Орчин цагт үүнийг ойлгосон залуус ажлаа сонгохдоо ажил амьдралын тэнцвэрт байдал, сурч хөгжих боломж, уур амьсгал гээд олон зүйлийг харгалзан үздэг болсон нь нууц биш.
Гагцхүү энэ л шалтгаанаас болон эхлүүлсэн, нийслэл хотынхоо таатай оффисуудыг танилцуулан алдаршуулдаг жагсаалт маань 2024 онд цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирж буйг дуулгахад таатай байна. Энэ oны эхний таатай оффис бол Алтан Жолоо Тауэр.
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй хийгээд залуусын амьдрал буцалж, бужигнасан орон зай болох Сөүлийн гудамж, хуучнаар Улсын Циркийн баруун талд сүндэрлэсэн Алтан Жолоо Тауэрийг та хотын төвөөр ажил амжуулах зуураа аль хэдийн анзаарч харсан гэдэгт итгэлтэй байна. Шалнаасаа тааз хүртэлх цэлгэр цонхоор Улаанбаатар хотыг дөрвөн зүг, найман зовхист 365 градус бүтэн тольдох боломжтой төдийгүй хотын төвийн хамгийн ашигтай бөгөөд үнэ цэнтэй байршилд баригдсан тус тауэр яахын аргагүй энэ оны онцлох бүтээн байгуулалтын нэг.
Өдгөө 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай Алтан Жолоо группийг бид Сансар супермаркет, Carrefour сүлжээгээр андахгүй танина. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ зэрэг үндсэн чиглэлд өдгөө арваад охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй тус групп нь энэ жил өөрсдөө 100 хувь бүтээн байгуулалт, угсралтын ажлыг нь гардан гүйцэтгэсэн шинэхэн оффистоо нүүн оржээ.
Тэдний хувьд олон охин компанийн ажлын явцыг үр дүнтэй хийгээд хурдтай болгох, группийн ажиллагсдын дотоод харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон шалтгааны улмаас уг тауэрийн ажлыг эхлүүлсэн аж. Барилга ашиглалтад ороод хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа хэдий ч нэг дор хамтдаа ажиллахын давуу тал, үр бүтээмж аль хэдийн ажлын гүйцэтгэл, үр дүн дээр харагдаж эхэлснийг хамт олны зүгээс онцолж байсан юм.
БҮТЭЭЛЧ АМЬДРАЛЫН ЗАВГҮЙ ХЭМНЭЛ
Өмнө хэлсэнчлэн, 21 давхар тус барилга нь бүх төрлийн банкны үйлчилгээ, хувийн болон улсын сургуулиуд, олон төрлийн баялаг сонголттой хоолны газар, их дэлгүүрүүд гээд нийслэлийн хамгийн завгүй гудамжинд сүндэрлэсэн гэдгээрээ зөвхөн байршлын хувьд олон давуу талыг ажиллагсдадаа бий болгожээ.
Бүхэлдээ шилэн фасад бүхий тус барилгын саруул цонхоор мандаж жаргах нарны туяа, ажил руугаа яаран гүйх залуус, түм түжигнэж, бум бужигнасан хотын хэмнэлийг эгц дээрээс нь тольдох боломжтой.
Оффисын үүдээр ормогц хамгийн түрүүнд Венецийн Биеннальд эх орноо төлөөлөн оролцож байсан Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын зураач Ш.Чимэддоржийн уран зураг, баримал өөрийн эрхгүй харц булаана.
Тус мөнгөлөг баримал нь зураач Ш.Чимэддоржийн 2008 онд төрийн соёрхол хүртсэн “Ээжийн тухай дуу” бүтээлийн гол дүрслэлийг баримал болгосон хувилбар бөгөөд хавар эрт мал төллөх үеэр дөнгөж унагалсан гүү унагаа чоно, нохой, тас шувуунд бариулчихгүй гэсэндээ өөрийгөө умартан бүх хүчээ дайчилж буй тухай гол өгүүлэмжтэй аж.
Харин “Алтан Жолоо” уран зургийн тухайд монгол морины хүч тэнхээ, өвөрмөц шинж чанар хийгээд ямар ч нөхцөлд амьдарч чаддаг тэсвэр хатуужлыг уран тансгаар харуулж буй. Монгол хүний хувьд мөнх хөх тэнгэр, морь гэдэг хэзээд хийморь, цог золбоотой холбогддог тул мөнх хөх тэнгэрт хязгааргүй тэмүүлж буй аргамжаагаар дамжуулан ажиллагсдынхаа сэтгэл зүйг нь дэмжих давхар утга санааг агуулж буй мэт санагдсан шүү.
АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ
21 давхар тус тауэрын төлөвлөлтийг танилцуулъя.
I давхар: Лобби
Кофе шоп, банкны үйлчилгээ бүхий тав тухыг эрхэмлэсэн нэгдсэн лобби
II-V давхар: Дулаан зогсоол
Цахилгаан машины цэнэглэгч, дугуйн зогсоол бүхий 4 давхар зогсоол
VI давхар: Хурлын заал
Бизнес орчны хэрэгцээнд зориулагдсан шинэлэг загвар, технологийн шийдэл бүхий тав тухтай, тохилог хурлын танхим
VII давхар: Ресторан, лоунж
Ажилчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, үзэсгэлэнт хотын харууцтай террас бүхий ресторан
VIII-XX давхар: Оффис
4.5-5.4 метр тааз бүхий өндөр, цэлгэр оффис талбайнууд
Оффисын ажилтан жилдээ дунджаар 1880 цагийг оффис дээрээ өнгөрүүлдэг.
Тиймээс ч өглөөний кофегоо тухлан уух Coffee Namu, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой Medical Center, дулаан зогсоолоос эхлээд фитнесс, ажлын уулзалтаа амжуулах лоунж, томоохон хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой заал гээд хотын түгжрэлд дунд цаг алдахаас сэргийлэх, шаардлагатай бүхий л төрлийн хэрэгцээг тэд ажиллагсдадаа зориулан нэг дор “цогцлоожээ.”
Алтан Жолоо Тауэрийн 16-20-р давхарт Алтан Жолоо группийн харьяа охин компаниуд үйл ажиллагаа явуулж буй.
Интерьерийн гол онцлог:
Байгалийн гэрэл
Судалгаагаар байгалийн гэрэлтэй орчинд ажиллах нь хүмүүсийн стресст өртөх түвшинг 40 хувиар багасгаж, ажлын гүйцэтгэлийг 12 хувиар нэмэгдүүлдэг гэнэ. Тус оффисыг чимж буй нэг гол зүйл нь давхар дундын өндөр тааз (4.5-5.4 метр), тал тал тийш нүд булаах гоёмсог харагдац бөгөөд ажлаасаа хэсэгхэн зуур завсарлага авах үедээ цонхоор харан, сэтгэлээ сэргээх боломжтой оффист хүмүүс стрессдэх нь хавьгүй бага байдаг биз ээ хэмээн өөрийн эрхгүй бодсон шүү.
Өнгөний хоршил
Ажилчдынхаа бүтээлч сэтгэлгээнд эергээр нөлөөлөх зорилгоор улбар шар, улаан, ногоон зэрэг олон өнгөний шийдлийг оффисынхоо олон тохижилтод “шигтгэж” өгчээ. Тухайлбал, амралтын сандал, буйдангууд болон ажилчдын ширээ хоорондын тусгаарлагчийг олон өнгөөр тохижуулсан бол оффисын ханыг цагаан, саарал өнгөөр дагнан, цулгуй болгожээ.
Тав тухтай орчин
Хүний ажлын бүтээмж дээд цэгтээ хүрэхэд ойролцоогоор 90 минутын дараа 15 минутын амралт шаардлагатай хэмээдэг. Тэгвэл тус оффисын давхар бүрд ажилтнуудад зориулсан амрах, алжаалаа тайлах, кофе уух, хамтдаа brainstorm хийх, ажлын дараа найзуудаараа тоглох зэрэг олон хэрэгцээнд зориулсан төрөл бүрийн амралтын бүсүүд бий. Хэрвээ хүсвэл хэний ч нүдэнд өртөхгүйгээр хэсэгхэн зуур “нүдний хор”-оо гаргах боломжтой тухлаг буйдан хүртэл энд бий гээч.
Ажлын таатай орчин
Сүүлийн жилүүдэд нээлттэй ажлын орон зай буюу “Open-plan” оффисын тохижилтыг олон компаниуд турших болсон. Уг шийдэл нь багийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулах давуу тал болдог авч хэт задгай орчинд дуу чимээ, анхаарал төвлөрөлтийн асуудал үүсдэг сул талтай. Тэгвэл уг асуудлыг тэд шилэн ханаар тусгаарласан өрөөнүүдээр тун ухаалгаар шийджээ.
Оффисын тохижилт нь зөвхөн ажиллагсдын сэтгэл ханамж төдийгүй тэдний эрүүл мэнд, бүтээмжтэй нягт холбогдох асуудал. Тиймээс ажлын таатай орчинг бүрдүүлэхийн тулд ажилтнуудынхаа эрүүл мэндэд хамгийн их анхаарсан гэдгийг онцолж байсан юм.
Ажиллагсдын сэтгэл ханамж нэн тэргүүнд
Samsung брэндийн эйр-кондишн системээс эхлээд нарны туяаны хамгаалалт бүхий шилэн фасад, барилгын ухаалаг автоматжуулалтын систем, Германы Hormann брэндийн хаалга, Grohe брэндийн сангийн тоноглолоор бүрэн тоногложээ. Таазанд байрлах агааржуулалтын систем нь оффисын орчныг бүхэлд нь цэвэр агаараар сэлгэдэг байна. Жилийн дөрөвний нэгд нь агаарын бохирдлын асуудалтай байдаг манай нийслэлд өвлийн улиралд ч цэвэр агаартай оффист ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа нь давуу талтай санагдсан шүү.
Мөн ширээ,сандал, хивс зэрэг нь хүний биед сөрөг нөлөөгүй, химийн хорт бодис агуулаагүй эко бүтээгдэхүүнүүд бөгөөд сандлууд нь л гэхэд нуруу болон хөлөнд ачаалал өгдөггүй бол ширээний тусгаарлагч нь задгай оффисын орчны дуу чимээг намсгах давхар үүрэгтэй.